Өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 5-ны хооронд болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-ээс Монгол Улсаас эх орноо төлөөлөн 16 тамирчин оролцож, гурван алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн билээ.
Энэ жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 2013 оны шархаа нөхсөн “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний “Жанжин” штабын харьяа 0184 дүгээр анги, “В” продакшн, “Улаанбаатар фитнесс” клубийн тамирчин Л.Саруулбаттай ярилцлаа.
-Та энэ жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 2013 оны шархаа нөхлөө.
-Тэглээ. Би ДАШТ-д 2012 оноос хойш тасралтгүй оролцож байна. Анхны юм гэдэг их сайхан. Дэлхийн аваргаас анхны медалиа хүртсэндээ баяртай байна. Г.Угалзцэцэг бид хоёр “Улаанбаатар фитнесс” клубт хамт бэлтгэлээ базаадаг.
Энх тайван тогтносон өнөө цагт улс орнууд спорт, урлаг соёлоор “цагаан дайн” өрнүүлж байна. Дэлхийн аваргад оролцож буй тамирчин бүхэн “Би мөнгөн медаль авна, эсвэл арай түрүүлж чадахгүй байх” гэж бодож өрсөлддөггүй нь тодорхой.
Бүгдээрээ л өдөр бүр урсгасан хөлс, хүчнийхээ үр шимийг хүртэж, аварга болохын төлөө өрсөлдсөн нь мэдээж. Үндэсний спортын төрлүүд өв уламжлалаа хадгалж байгаа ч дэлхийд эх орныхоо нэрийг урлаг соёл, спорт, шинжлэх ухааныхан л гаргаж, дуурсгаж яваа гэж би боддог.
Би өнөөгийн энэ амжилтад олон хүний дэмээр хүрсэн.
Монголын бодибилдинг, фитнессийн холбоо, Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний “Жанжин” штабын харьяа 0184 дүгээр анги, Д.Болд захиралтай “В” продакшн, “Улаанбаатар фитнесс” клубийн хамт олон, гэр бүл, найз нөхөддөө баярлаж явдгаа илэрхийлье.
-Хүрэл медалиа энгэртээ гялалзуулан, төрийнхөө далбааг мандуулж байхдаа юу бодож байв?
-Монгол хүн болж төрснөөрөө, энхийн цагт эх орныхоо төлөө зүтгэж, төрийнхөө далбааг мандуулж чадсандаа өөрөөрөө бахархсан.
Шагналын тавцнаас бууж ирэхэд Г.Угалзцэцэг маань баярласандаа уйлж байхыг хараад би бас дагаад мэлмэрүүлчихсэн. Энэ жилийн ДАШТ-д Монгол Улсын төрийн дуулал гурвантаа эгшиглэлээ. Тэгэх бүрт сэтгэл хөдөлж, догдлоод сайхан байлаа.
Төрийнх нь дуулал эгшиглэж байхад догдолдоггүй, уйлдаггүй хүн байхгүй нь мэдээж. Би энэ тэмцээнд оролцохын тулд гурван хоног усаа хаслаа. Сүүлдээ бүр эрүү зуурсан.
Би 2013 оны ДАШТ-д харамсалтайгаар медалиас мултарсан. Учир нь шилдэг тавд шалгарсны дараа тэмцээн түр завсарласан юм. Гэтэл шигшээ тэмцээнээсээ хоцорчихсон. Миний буруу л даа. Их ч харамссан.
Бодибилдинг бол нийтийн биеийн тамирт тустай, өгөөжтэй спорт. Тиймээс цаашид төр засгаас бодибилдингийн спортыг дэмжиж, монголчуудад сайтар сурталчлах хэрэгтэй байна. Эрүүл амьдралын хамгийн гол үндэс нь хөдөлгөөн гэдэг шүү дээ.
-Та үзүүлбэрээ их сэтгэл хөдлөлтэй, итгэлтэй үзүүлдэг. Ингэснээр сэтгэлзүйн бүр илүү давуу талтай байдаг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Үнэнийг хэлэхэд 2012 онд ДАШТ-д анх удаа оролцоход бид бусад орны шилдэг тамирчдаас олон зүйлээр дутуу байгаа нь анзаарагдаж байлаа.
Харин одоо бол тийм биш. Би өөрийгөө өдөр бүр дэлхийн аварга болж буйгаар төсөөлдөг. Би сэтгэлээрээ баян хүн. Таван хүүхэдтэй. Тэмцээний зардал олохын тулд банкнаас зээл авах, мөнгөө хэмнээд 21 дүгээр хороолол руу алхах үе надад байдаг. Гэхдээ өөрийгөө би хэзээ ч ядуудаа ингэж явна гэж боддоггүй.
Яг одоо намайг хүлээгээд гэртээ сууж байгаа эхнэр, таван хүүхэд маань миний баялаг. Би нэлээд эх оронч үзэлтэй хүн. Ямар их үнээр олдсон билээ, бид л хайрлаж, хамгаалах учиртай.
Нас барахдаа ясаа тавих эх оронтой байгаагаараа бид бахархах учиртай. Би эх орныхоо үндэсний бүтээгдэхүүнээр гоёх дуртай. Гэр бүлээрээ хамт зах гараад л долоон нохой гутал авч өгдөг. Ярайтал өрж тавьчихаад хүүхдүүдтэйгээ хамт харах сайхан шүү (инээв).
-Бодибилдинг ачаалалтай, хүнд спорт гэдэг. Шантармаар үе гарч байна уу?
-Үнэнийг хэлэхэд нэг удаа шантарсан тал бий. Амьдралд юу эс тохиолдохыг тэр гэх вэ. Олсон хэдээ уураг амин дэм, тэмцээний зардалд үрээд л гэрийнхэндээ олигтой ч юм авч чаддаггүй ээ.
Тэр үед “Амьдралаа бодъё. Та хэдийгээ хүн шиг амьдруулмаар байна. Хэдий болтол ингэж хадмындаа амьдрах вэ” гэж эхнэртээ хэлсэн юм. Тэгж хэлээд эхнэртэй нэг сайн загнуулсан даа.
-Та энэ спортоор хэчнээн жил хичээллэж байна вэ?
-Би 2004 оноос хойш энэ спортоор хичээллэж байна. Энэ спорттой амьдралаа холбосон түүх маань “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Энхтөртэй салшгүй холбоотой. Үндэсний бөхийн гурван ч аварга төрүүлсэн мундаг хүн бий. Би “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний “Жанжин” штабын харьяа 0184 дүгээр ангид алба хаадаг. 18 дахь жилдээ зэвсэгт хүчинд алба хааж байна. Ахлагч цолтой.
Хүн хал үзэх тусам хурцлагддаг. Бодибилдингийн спорт, арми хоёр хоорондоо их тохирдог. Би өнөөгийн амжилтад хүрэхийн тулд их хичээсэн, зүтгэсэн. Ядарсандаа цүнхээ даахгүй шахам гэртээ харих үе надад тохиолддог.
Гэхдээ энэ бол миний сонгосон зам болохоор сайхан байдаг. Би бэлтгэлээ өдөр бүр хоёр ээлжээр зургаан цаг хийдэг.
Хэр баргийн хүн ийм бэлтгэлийн ачаалал даахад хэцүү. Хамгийн хэцүү нь хоолны дэглэм барих. Жинхэнэ алаан байхгүй юу.
-Хүндийг өргөлт, пауэрлифтинг, бодибилдингийн спортын тамирчдыг сэргээш, допингийн асуудал их ээрдэг.
-Булчин шөрмөс нь зангирсан, бэлтгэл сайтай байгаа тамирчдыг сэргээш хэрэглэдэг хэмээн хардах хандлага ажиглагддаг. Хэзээ ч тэгж болохгүй ээ. Бид уйгагүй хөдөлмөр, зүтгэлийнхээ үр шимээр л энэ амжилтад хүрч байгаа.
Харин Монголд спортын анагаах ухааны хөгжлийн хурд удаашралтай, дэлхийн түвшнээс хоцорч байгаа нь үнэн. Манай ихэнх тамирчдад шинжлэх ухааны үндэслэлээр бус “хар” аргаар л бэлтгэлээ базааж байна.
Г.Анархүү ерөнхийлөгч гаднаас мэргэжилтэн авч ирэх талаар хөөцөлдөж байгаа гэсэн.
-Ирэх жилийн ДАШТ Монголд болно. Тус тэмцээнд түрүүлэх зорилготой байгаа болов уу?
-Тэгэлгүй яах вэ. 2017 оны ДАШТ-д түрүүлэх зорилготой. Мэдээж бүх зүйл надаас л шалтгаална. Тиймээс бэлтгэлээ сайтар базааж, хичээх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.