Өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 5-ны хооронд болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-д ОУХМ Г.Угалзцэцэг түрүүлж, монгол түмнээ баярлуулсан билээ. Тэрбээр ийнхүү эл спортын түүхэнд дэлхийн хошой аварга болсон Монголын анхны тамирчин болсон юм.
Г.Угалзцэцэг өнгөрсөн жилийн ДАШТ-д тус тэмцээнд түрүүлж, Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга болсныг манай уншигчид андахгүй. Түүний амжилт “булган сүүлтэй” байж, 2016 оны ДАШТ-д Монголын хоёр эмэгтэй тамирчин түрүүлсэнд нь хошой аварга болсноосоо дутахааргүй баярлаж, урамшсан гэнэ.
Бодибилдинг, фитнессийн спортоор дөрөвхөн жил хичээллэж байгаа ч олон түүхэн амжилтын эзэн болж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа Г.Угалзцэцэгийг “Тренд хүн” булангийнхаа хойморт урилаа.
Өчигдөр орой эх орондоо ирсэн түүнийг “В” продакшн, “Улаанбаатар фитнесс”-ийн хамт олон хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх үеэр нь ийн ярилцав.
-Юуны өмнө дэлхийн хошой аварга болсон танд баяр хүргэе. “Аварга болох хэцүү. Аваргаа хамгаалах бүр хэцүү” гэдэг. ДАШТ-ий хос алтан медальт Монголын анхны тамирчин боллоо.
-Баярлалаа. Энэ жил аварга цолоо хамгаалах том зорилт өмнөө тавьж, бэлтгэлээ эртнээс чамбайруулсан. 2016 онд өмнөө тавьсан хамгийн том зорилго маань энэ байлаа. Ямартай ч уйгагүй бэлтгэл, хичээнгүй зүтгэл, хамт олныхоо буянаар зорьсондоо хүрч чадлаа.
Үнэнийг хэлэхэд өнгөрсөн жилийн ДАШТ-д түрүүлнэ гэдэгтээ тийм ч итгэлтэй байгаагүй. Олон улсын тэмцээнд цөөхөн удаа оролцсон, туршлага багатай байсан болохоор тэр. Харин энэ жилийн тухайд бүр эсрэгээрээ байлаа. Амжилтыг дагаад асар их хариуцлага ирдэгийг ухаарсан.
Тиймээс өөрийгөө хурцалж, намайг дэмждэг хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй, ачийг нь амжилтаар хариулахын төлөө хичээлээ.
Энэ жилийн ДАШТ өмнөх жилийнхээс илүү өрсөлдөөнтэй болсон. Улс бүхэн хамгийн шилдгүүдээ илгээсэн, тамирчин бүхэн зөвхөн аварга болох зорилготой оролцдог болохоор ширүүн өрсөлдөөнтэй болохоос ч аргагүй.
Хүн сэтгэлийн амьтан гэдэг. Тэмцээнд оролцож байхад огт танихгүй хүн хүртэл аян замын ерөөл, хийморийн сан тавиулаад, зургийг нь над руу интернетээр явуулахад нь ч гэсэн их урам ордог.
Өнөөгийн энэ амжилтад гэр бүл, хамт олон, монгол түмнийхээ тусламж, дэмжлэгээр хүрсэн, би.
Энэ жил манай холбооны ерөнхийлөгчөөр Г.Анархүү сонгогдсон. Манай хамт олон эв нэгдэл, хамтын хүчээр энэ онд олон түүхэн амжилт гаргаж байна.
Энэ жилийн ДАШТ-д гэхэд л 16 тамирчин оролцож, гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль авсан бол Азийн АШТ-ээс эмэгтэйчүүд хоёр алт, хоёр мөнгөн медаль авсан амжилтаар багаараа дэд байрт шалгарлаа. 2016 он амжилтын арвин “ургац” хураасан сайхан жил болж байна.
МБФХ, Д.Болд захиралтай “В” продакшн, Улаанбаатар фитнессийн хамт олон, гэр бүлийн, ээж аав, найз нөхдөдөө их баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-Дэлхийн хошой аварга болж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэн, алтан соёмбот далбаагаа мандуулж байхад юу бодогдож байв?
-Их сайхан шүү. Алтан медалиа энгэртээ гялалзуулан, төрийн дууллаа эгшиглүүлэн зогсох тамирчин хүний хамгийн аз жаргалтай мөч. Үүнээс илүү сайхан хаана байх вэ дээ. “Тамирчны алдар” дуунд
“Ачит төрийнхөө далбааг алдар нэртэйгээ өргүүлж
Алаг сайхан нүдэндээ баярын нулимстай зогссон
Та бидний итгэлийг алдаагүй
Тамирчны ялалт хямдхан олдоогүй” гэж үнэхээр гоё онож хэлсэн шүү. Шагналын тавцанд зогсож байхдаа эх орон, ижий аав, хамт олон, монгол хүн болж төрснөөрөө л хамгийн их бахархлаа.
-Тамирчны амжилтад гэр бүлийн дэмжлэг их чухал. Энэ жилийн ДАШТ-д нөхөр чинь тантай хамт явсан гэсэн. Танд нэлээн тус, дэм болсон байх?
-Тэгсээн. Намайг гэр бүлийнхэн маань үргэлж дэмждэг.
-Та өнгөрсөн жил Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга болсон. Таны амжилт булган сүүлтэй байж, энэ жил хоёр эмэгтэй дэлхийн аварга төрлөө.
-Тэглээ. Дэлхийн хошой аварга болсноосоо дутахааргүй баярлан, тамирчдаараа бахархаж байна. Б.Бадамсүрэн, А.Ичинноров нарыгаа энэ жил дэлхийн аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлэхэд нь сэтгэл хөдлөөд, уйлсан.
-Та 2016 оны Азийн АШТ-д анх удаа түрүүлсэн. Энэ нь дэлхийн аварга цолоо хамгаална гэх итгэлийг тань бүр их нэмсэн болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ жилийн УАШТ, Азийн АШТ-д түрүүлсний дараа дэлхийн хошой аварга болно гэх итгэл маань бүр их нэмэгдсэн. Бэлтгэл сайтай, формондоо орчихсон байсан болохоор өөртөө эргэлзээгүй.
ДАШТ-д оролцохоор очиход өнгөрсөн жил өрсөлдсөн зарим тамирчин өөр жин рүү орчихсон байна лээ.
-Өнгөрсөн жилийн ДАШТ-д түрүүлэхэд тань Г.Гансаруул тантай хамт хүрэл медаль авсан. Улмаар Монголын хоёр тамирчин хамтдаа шагналын тавцанд зогссон шүү дээ. Харин энэ жилийнхэд Г.Гансаруул шөрмөс нь татсаны улмаас дэлхийн аваргад оролцож чадсангүй. Танд хэцүү байсан нь дамжиггүй.
-Бид хоёр энэ спортоор хичээллэж эхэлснээсээ хойш бэлтгэлээ хамт базааж, тэмцээнд оролцож байна. Г.Гансаруул энэ жилийн дэлхийн аваргад амжилтаа ахиулах, батлах зорилготой очсон.
Харамсалтай нь шөрмөс нь татсаны улмаас тэмцээндээ оролцож чадаагүй. Бид хоёр хоёулаа атлетик ангилалд өрсөлддөг. Г.Гансаруул маань уйлаад л байсан. Би ч бас уйлсаан. Одоо ч гэсэн тэмцээндээ оролцож чадаагүйд нь харамсаж байна.
-ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
-2015 оны ДАШТ-д оролцсоныхоо дараа сар гаруйн хугацаанд түр амарсан. Тэгээд л шинэ оны эхнээс л энэ тэмцээний бэлтгэлээ базааж эхэлсэн.
2016 жилийн ДАШТ-д өрсөлдөхийн тулд хоёр хоног усаа хассан болохоор чамгүй их ядарлаа. Маргаашнаас бэлтгэлээ базаагаад эхлэхээр гайгүй болчих байх.
-Та энэ спортоор дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа. Ийм богино хугацаанд олон түүхэн амжилтын эзэн болсноор тань спорт сонирхогчид бахархаж байгаа нь мэдээж. Таны амжилтын нууц юу вэ?
-Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, хоёргүй сэтгэлээр зүтгэвэл үр шимийг нь заавал хүртдэг юм байна аа. Бэлтгэлээ таслахгүй, бүх зүйлээ зориулсан нь миний амжилтын нууц байх.
Би ганц ч удаа бэлтгэл тасалж үзээгүй. Энэ спорт нас голдгүйгээрээ онцлогтой. Хичээллэх тусам улам эрүүлжиж, залууждаг.
Бодиболдинг, фитнессийн спортоор хичээллэхэд ачаалалтай бэлтгэл хийдэг, зардал ихтэй нь үнэн. Удаан хугацаанд хоолны дэглэм барих ч амаргүй шүү.
Мэдээж мэргэжлийн тамирчин болохын тулд өдөр бүр уйгагүй бэлтгэл хийж, нөөц, боломж, бүх зүйлээ л дайчлах хэрэгтэй. Энэ спортоор хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн маань маш их эсэргүүцэж, дургүйцсэн.
Аав маань “Эмэгтэй хүнд тохирох спорт биш ээ. Өөр спортоор хичээллэсэн дээр биш үү” гэж байлаа.
Харин дэлхийн аварга болсны дараа тэдний маань бодол, хандлага эрс өөрчлөгдсөн. Одоо бол бүгдээрээ намайг дэмждэг.
-Удаан хугацаанд хоолны дэглэм барих амаргүй байх. Тэсгэл алдан дуртай амттанаа идчих үе гарч байна уу?
-Байлгүй яах вэ. Маргааш нь өөрийгөө хашраагаад, илүү цагаар бэлтгэл хийдэг. Өдөр хоёр ээлжээр 6-8 цагийн бэлтгэлээ базаадаг.
-Арай залуудаа хичээллэж эхэлсэн бол гэж харамсдаг уу?
-Дөнгөж хичээллэж эхлэх үед тийм бодол заримдаа төрдөг байсан. Одоо бол эсрэгээрээ. Харин ч зөв үедээ хичээллэсэн гэж бодож байна. Учир нь залуудаа эхэлсэн бол турах, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөх зорилгоор л хичээллэх байсан болов уу. Мэргэжлийн түвшинд ингэж хичээллэхгүй байсан байх.
-Манай уншигчдад бага насныхаа дурсамжаас хуваалцана уу. Багадаа хэр спортлог хүүхэд байсан бэ?
-Миний бага нас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд өнгөрсөн. Өвөө, эмээгийн эрх охин байлаа. Хөдөөний бусад хүүхдийн адил хонь хариулж, үнээ сааж л өссөн.
Харин арван жилээ Сонгинохайрхан дүүргийн XII сургуулийг дүүргэсэн. Бага ангийнхаа Баасан багшид их баярлаж явдаг, би. Их ухаантай, намайг урмын үгээр үргэлж дэмждэг, урмаар хөглөдөг хүн бий.
Би багадаа спортод маруухан байсан шүү. Биеийн тамирын хичээлд бараг суудаггүй, спортод ёстой “нойл” байсан /инээв/.
Манайх дөрвөн охинтой айл. Би ууган нь. Ойр дотныхон маань намайг Уугий гэж дууддаг. Бага байхдаа Угалзцэцэг гэдэг нэрнээсээ ичдэг байлаа.
Хүнд нэрээ бүтнээр нь хэлэхээр заавал дахиж асуудаг байсан юм л даа. Тэгээд байхаар нь Уугий л гэдэг байлаа. Одоо ч ихэнх хүн намайг Уугий л гэдэг. Нэрэндээ тохирсон угалзарсан булчинтай юм байна гээд зарим хүн нөхөрсөгөөр шоглодог.
-Та тамирчны хувиар олон түүхэн ажилт гаргаж байна. Харин эмэгтэй хүний хувьд хэр сайн гэрийн эзэгтэй, ээж вэ?
-Би хоёр хүүхэдтэй. Охин маань АШУҮИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан. Харин хүү маань 10 дугаар ангид сурдаг. Гэр бүлийнхэндээ боломж л бүрдвэл цаг гаргахыг хичээдэг.
Гэхдээ бэлтгэл, тэмцээн гээд амжихгүй үе заримдаа гарах юм аа. Өглөө, орой бүр гэрийнхэндээ хоол хийж өгөөд, амтархан идэхийг нь харах сайхан шүү. Хүүхдүүд маань том болохоор намайг гэрийн ажилд гар хүргэдэггүй ээ.
-Хоёр хүүхдэдээ ихэвчлэн юу гэж захиж, зөвлөдөг вэ?
-Хийх дуртай, хүссэн бүхнээ хий. Заавал тийм мэргэжилтэй, мөнгөтэй болъё гэхээс илүүтэй хүсэл мөрөөдлөө л дагах хэрэгтэй.
-Амьдралдаа ямар зарчмыг баримталдаг вэ?
-Би шударга л байхыг хичээдэг. Зөвхөн бусдыг бус өөрийгөө хуурахгүй байх нь чухал. Бэлтгэл дээр 20 суниах байсан бол 15 суниачихаад дасгалжуулагчдаа худлаа хэлээд би л хохирно.
-Та өөрийгөө ямар амьтнаар төсөөлдөг вэ?
-Пума. Хүчтэй, эрэлхэг амьтан.
-Та шивээсээ хэзээ хийлгэсэн бэ. Ямар утга, учиртай вэ?
-Энэ шивээсээ 10 жилийн өмнө хийлгэсэн. Эмэгтэй хүн том булчинтай, шивээстэй байх муухай гэж зарим хүн шүүмжилдэг. Би тоодоггүй ээ.
-Бэлтгэлийнхээ хажуугаар ажил эрхэлдэг үү?
-“Улаанбаатар фитнесс” клубт зөвлөх дасгалжуулагчаар ажилладаг. Би интернетээр дамжуулж “Фитнесс хоол”-ны зөвлөгөө өгдөг. Нэгдүгээр хоолны 30 орчим, хоёрдугаар хоолны 70-аад, цөөнгүй зайрмагны жортой болчихоод байна даа.
-Ном гаргах бодол бий юү?
-Байгаа.
-Түүхэн амжилтын эзэн болсноор таны амжилтад ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Олон түмний хүндэтгэл, хайрыг их мэдэрч байна. Дэлхийн аварга болсны дараа “Монгол түмнийхээ хүндлэлийг даагаарай. Эвдрэв ээ” гэх захиас их ирсэн.
-Төр засгаас олимп, ДАШТ зэрэг томоохон тэмцээнд гаргасан амжилтаар нь тамирчдад мөнгөн урамшуулал олгодог. Та урамшууллаа авсан уу?
-Огт авч үзээгүй ээ. Дэлхийн аварга болсныхоо дараа Олон улсын хэмжээний мастер цол авсан нь төр засгаас надад олгосон хамгийн том шагнал юм даа.
Уг нь манай тамирчдын амжилтыг мялаагаад, журмынхаа дагуу мөнгөн урамшуулал олговол бүр их урамшиж, илүү өндөр амжилт гаргах нь тодорхой. Өнгөрсөн жил зарим хүн “Уугий маань Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга болж, түүхэн амжилт гаргалаа.
Гавьяат тамирчин цол олгох нь зүйтэй” гэж байсан. Үнэнийг хэлэхэд тухайн үед би “Арай эрт байна. Аварга цолоо хамгаалсныхаа дараа авбал бүр сайхан” гэж бодсон.
-Өмнө нь дэлхийн хошой аварга, Азийн аварга болох зорилготой байсан нь мэдээж. Харин одоо ямар зорилго өмнөө тавиад байна вэ?
-2017 оны ДАШТ Монгол Улсад болно. Тус тэмцээнд оролцож, төрийн дууллаа эх орондоо эгшиглүүлэх зорилготой. Мөн ойрын хугацаанд спортоос түр завсарлаад үрийн зулай үнэрлэх төлөвлөөтэй байна.
Одоо энд (Улаанбаатар фитнесс)-ээс гараад шууд гэр рүүгээ явна. Хоёр хүүхдээ их санаж байна. Маргааш гэр бүлээрээ гадуур гарч кино үзэж, хоолонд орно оо.
-Ярилцсанд баярлалаа. Гавьяат тамирчин цол хүртэж, бас нэгэн түүхэн амжилтын эзэн болохыг ерөөе.
-Баярлалаа.
ФОТО: Б.МӨНХ-ЭРДЭНЭ