Уулчин бүхэн дэлхийн долоон ноён оргилд гарч, эх орныхоо далбааг мандуулахыг мөрөөддөг. Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа ч бас ийм мөрөөдөлтэй явна. Тэрбээр эл мөрөөдөлдөө хүрэхэд одоо ганцхан даваа үлдээд байна.
Б.Гангаамаа дэлхийн долоон ноён оргилын хамгийн сүүлчийнх нь болох Винсон Массиф оргилд авирахаар бэлтгэлээ базааж байна. Гавьяат маань энэ сарын 13-нд эх орноосоо мордоно. Харин авиралт нь энэ сарын 15-30-ны хооронд үргэлжлэх аж.
Дэлхийн зургаан ноён оргилд хөл тавьж, эх орныхоо нэрийг дуурсгаад буй Б.Гангаамаа Винсон Массиф оргилд амжилттай гарвал, дэлхийн долоон ноён оргилд гарсан Монголын анхны уулчин болох юм.
Тэрбээр 2011 онд дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн ноён оргилд гарч, эл оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин болсон билээ.
Б.Гангаамаа дэлхийн долоон ноён оргилын зургаад нь гараад буй:
-2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/
-2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
-2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
-2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
-2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4884 м/