Монголын Боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг “Big Bowling Friendship” үндэсний лигийн анхдугаар багийн тэмцээний цомын тоглолт боллоо. Хагас жилийн турш үргэлжилсэн тус тэмцээний шигшээ тойрогт эрэгтэй дөрөв, эмэгтэй нэг тоглогчоос бүрдсэн найман баг хоёр хэсэгт хуваагджээ. Хэсэг тус бүрээс эхний хоёр байрт орсон баг хасагдах шатанд өрсөлдсөн юм. Ингээд Ж.Содномдорж ахлагчтай баг аваргын цом, алтан медалиар энгэрээ мялаасан бол мөнгөн медалийг Б.Батхүү ахлагчтай баг хүртлээ. Харин хүрэл медалийн эзнээр Ц.Молор ахлагчтай баг тодорсон байна. Тус тэмцээний турш багууд эн тэнцүү өрсөлдсөн. Тодруулбал, хасагдах шатанд Б.Батхүү ахлагчтай баг өрсөлдөгчөө 753:751-ээр буулган авсан бол шигшээ тулаанд Ж.Содномдорж ахлагчтай баг 730:725-аар ялалт байгуулсан юм.
Гурван тойргийн турш өрсөлдөнө гэдэг боулингчдэд тийм ч амар даваа биш. Тус тэмцээнийг анх зохион байгуулахад 12 баг бүртгүүлсэн ч харамсалтай нь, явцын дунд зарим багууд хасагдсан ч чансаатай багууд шалгарч үлдсэнийг сүүлийн тойрог нотоллоо. Хэсэг тус бүрээс илт давуу шалгарсан баг гараагүй тул оноо тоолж, хасагдах шатанд ямар баг үлдэхийг шийдвэрлэсэн юм. Дөрвөн багийн хүч тэнцэж, оноогоор эцсийн дүнг зарлана гэдэг өрсөлдөөн хэр ширүүн болсныг харуулж буй хэрэг.
“А” хэсэг
- Ж.Содномдорж ахлагчтай баг 7 оноо
- Ц.Молор ахлагчтай баг 7 оноо
- Ц.Лхасүрэн ахлагчтай баг 5 оноо
- С.Баярхүү ахлагчтай баг 5 оноо
“Б” хэсэг
- Б.Батхүү ахлагчтай баг 7 оноо
- Н.Ганболд ахлагчтай баг 7 оноо
- Г.Магсаржалам ахлагчтай баг 7 оноо
- Д.Нацагдорж ахлагчтай баг 3 оноо
Мөн тэмцээний үеэр ганцаарчилсан төрөлд эмэгтэйчүүдийн ангилалд аваргалсан Б.Оргилмаад 150 мянган төгрөг, цом, алтан медалийн хамт гардуулж өгчээ.
Монголын биг боулинг сонирхогчдын холбооноос анхдугаар лигийн тэмцээнийг ивээн тэтгэгчгүйгээр шагналыг өөрсдийн хандив, сонирхогчдын чин сэтгэлийн дэмжлэгээр зохион байгууллаа. Тэд зөвхөн шигшээ тэмцээнийг зохион байгуулаад зогсохгүй хагас жилийн турш бүтэн гурван тойрог тус бүрийг мөнгөн урамшуулалтай болгож, 100 гаруй тамирчдын дунд чансаатай тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.