Шатрын насанд хүрэгчдийн рапид, блиц төрлийн УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Д.Баярболдын нэрэмжит 14 дэх удаагийн тус тэмцээнд 200 гаруй шатарчин өрсөлдөв.
Тэдний дунд долоон их мастер цолтон байсан төдийгүй хамгийн ахмад нь 80 настай, гавьяат тамирчин Л.Мягмарсүрэн, бага нь долоон настай Н.Ананд байлаа.
Эрэгтэйчүүдийн блиц төрөлд их мастер Б.Гүндаваа түрүүлж, ФИДЕ мастер У.Насанжаргал, олон улсын мастер Г.Мөнхгал нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаав.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд гавьяат тамирчин, их мастер, “Сүлд” спорт хорооны тамирчин Т.Батчимэг түрүүлж, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, “Монгени” цогцолбор сургуулийн тамирчин Т.Мөнхзул нар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
Эрэгтэйчүүдийн рапид төрөлд “Алдар” спорт хорооны тамирчин, их мастер Ц.Батчулуун, “Сүлд” спорт хорооны тамирчин, олон улсын мастер С.Билгүүн, ФИДЕ мастер Э.Энхнар нар медальт байрт шалгарсан бол эмэгтэйчүүдийнхэд “Хан-Алтай” клубийн тамирчин, эмэгтэйчүүдийн олон улсын мастер Ү.Үүрийнтуяа алт, олон улсын мастер У.Лхамсүрэн мөнгө, Төв аймгийн шатарчин Ц.Сайханчимэг хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний үеэрх бодлого бодолтын төрөлд ФИДЕ мастер Э.Энхнар, С.Тамир, Б.Билгүүн нар бусдыгаа манлайлав.
Мөн С.Билгүүн, Ү.Үүрийнтуяа нар олон улсын мастер, С.Тамир, Д.Соёлмаа нар олон улсын дэд мастер цолны болзол хангасныг нь албан ёсоор баталж, цол, зэргийг нь гардуулан өглөө.