Монголын Боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг “Big Bowling Friendship” үндэсний лигийн анхдугаар тэмцээний ганцаарчилсан төрөлд Финалын тоглолтууд боллоо. Нийт 50 эрэгтэй, 16 эмэгтэй тамирчдаас чансаагаар шигшигдсэн эрэгтэй 24, эмэгтэй найман тамирчин өрсөлдлөө. Дөрвөн сарын турш тамирчдын ур чадварыг сорисон том тэмцээнээс шигшигдсэн эрэгтэй 24 тамирчныг зургаан хэсэгт хуваасан бөгөөд хэсэг тус бүрээс эхний хоёроор шалгарсан тамирчид дараагийн шатанд үлдсэн юм. Ингээд гурван тоглолтоор хамгийн өндөр оноо авсан найман тамирчин хасагдах шатанд үлдэх эрхийн төлөө хүч үзэхэд “Өнөөдөр” сонины гэрэл зургийн албаны дарга Э.Харцага тэргүүлсэн юм. Олон улсын журмаар зохиогдсон хасагдах шатны тулаан ч тун сонирхолтой өрнөв. Боулингийн спортын мастерууд ээлж дараалан “өвдөг шороодож”, тоглолт бүр өрсөлдөөнтэй болж байлаа. Улмаар “Big Bowling” төвийн тамирчин Д.Батхүү түрүүлж, манай сонины тамирчин Э.Харцага удаалав. Гуравдугаар байрт Петровис компанийн тамирчин Ж.Цэвэгмид шалгарсан юм.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд чансаа өндөр найман тамирчин хоёр хэсэгт хуваагдсан. Улмаар хэсэгтээ эхний хоёроор шалгарсан тамирчид хасагдах журмаар тоглосон юм. Энэ удаагийн тэмцээнд Мобикомын тамирчин Б.Оргилмаа алт, ТЭЦ III-ын Ц.Уранцэцэг мөнгө, Страйкс клубийн Ш.Гэрлээ хүрэл медалийн болзол хангалаа.
Монголд анх удаа болж боулингийн үндэсний анхдугаар лигийн тэмцээний хувийн төрөл бүтэн есөн цаг үргэлжилсэн юм.