Софт теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-17-нд Япон улсад боллоо. Найм дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж найман тамирчин оролцсоноос эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Энхжин, эмэгтэйчүүдийн багийн төрөлд Б.Норовсүрэн, Э.Солонго, Б.Чинмөрөн нар тус тус хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлуулав.
Тэд ийнхүү Монголын софт теннисний спортын түүхэнд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан анхны тамирчин болсон юм.
Түүхэн амжилтын эзэд эх орондоо ирлээ.
Энэ үеэр медалийн салхийг хагалсан Б.Энхжин “Софт теннисний спортоор 15 жил хичээллэснийхээ үр шимийг хүртэн энэ төрөлд Азийн аваргын медаль авсан, Монголын анхны тамирчин болсондоо баяртай байна. Би нийт зургаан тоглолт хийсэн. Тоглолт бүр л хүнд байлаа. Энэ дашрамд Монголын софт теннисний холбооны ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюушид баярлаж явдгаа илэрхийлье” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа.
ФОТО: Э.ХАРЦАГА