МҮСБХ-ны 21 аймгийн “Үндэсни лиг”-ийн улирлын ээлжит тоглолт өчигдөр СТО-д боллоо.
Архангай аймгийн “Алтан Дорнодын дайчид” баруун бүсийг итгэл төгс тэргүүлж байна
Энэ өдрийн эхний тоглолт ОУХМ Г.Баттөр, Э.Цэвэлдорж нараар ахлуулсан Архангай аймгийн “Алтан дорнодын дайчид” баг, Хэнтий аймгийн “Хэнтий Эбэг Хасумегаватт” багтай учраа таарав. Тоглолтын эхнээс Үндэсний супер лигийн шилдгүүд болох Э.Цэвэлдорж, Г.Баттөр нараар удирдуулсан архангайчууд тэргүүллийг гартаа авлаа. Харин хоёрдугаар үеэс “Хэнтий Эбэг Хасумегаватт”-ын Эрдэнэцогт багаа удирдан гайхалтай тоглолт үзүүлэн онооны зөрүүг ойртуулж чадсан юм. Гуравдугаар үед хоёр багийн өрсөлдөөн дээд цэгтээ хүрсэн гэхэд хилсдэхгүй.
Архангайгаас Э.Цэвэлдорж, Э.Дорж-Арилд, Хэнтийгээс Эрдэнэцогт, Шижирбат нар багийнхаа чухал довтолгоог удирдаж байлаа. Улмаар шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Алтан Дорнодын дайчид” бага зэрэг туршлагаар давамгайлж, өрсөлдөгчөө 105:100-гаар буулган авч, улирлын дөрөв дэх хожлоо авсан юм. Тэд ийнхүү баруун бүсийг нэг хожигдолгүй итгэл төгс тэргүүлж явна.
Тус тоглолтод ОУХМ Э.Цэвэлдорж, спортын мастер Э.Дорж-Арилд нар тус бүр 14 оноо, ОУХМ Ц.Мэргэн 13 оноо авсан байна. Харин Хэнтийгээс Эрдэнэцогт 31 оноо, есөн самбар авч гайхалтай тоглолт үзүүлэв. Мөн Шижирбат 14, Цолмонжаргал 10 оноо авчээ. “Хэнтий Эбэг Хасумегаватт” багийн гол тоглогчдын нэг Төрбат орон зай өнөөдрийн тоглолтод үгүйлэгдэж байлаа.
Д.Мөнхтүвшин багаа ялалтад хүргэж, Ховдчууд хоёр дахь хожлоо авав
ОУХМ Д.Мөнхтүвшин ахлагчтай Ховд аймгийн “Ховд Алтайн Аргаль” өчигдөр Өвөрхангай аймгийн багтай ээлжит тоглолтоо хийлээ. Тоглолтын эхнээс будагтай талбай, самбар дор Өвөрхангай аймгийн Э.Цэрэнбаатар дийлдэшгүй байсан юм. Түүний сайн тоглолтын ачаар Өвөрхангай тэргүүлэл олж авлаа. Улмаар эхний хагас өвөрхангайчуудын давамгайлал дор өндөрлөсөн юм.
Гуравдугаар үеийн эхэнд Д.Мөнхтүвшин гайхалтай тоглолт үзүүлж, ховдчууд богинохон хугацаанд онооны зөрүүг арилгаж чадсан юм. Шийдвэрлэх дөрөвдүгээр үе ширүүн өрсөлдөөн дунд явагдаж, эцсийн мөчид Ховд аймгийн “Ховд Алтайн Аргаль” баг өрсөлдөгчөө 98:92-оор хожин улирлын хоёр дахь хожлоо байгуулсан юм. Тус тоглолтод 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн энэ улиралд үнэхээр онцгой байгаа Болдбаатар 24 оноо, найман самбар авсан юм.
Багийн ахлагч Д.Мөнхтүвшин 23 оноо, Ц.Азбаяр 17 оноо авчээ. Харин Өвөрхангайгаас Э.Цэрэнбаатар 27 оноо, 11 самбар, Нямдорж 15, Т.Билгүүн 14 оноо авав. Тоглолтын үзүүлэлтээс харвал Ховд аймаг багаараа нийт 57 удаа самбараас бөмбөг авсан бол өвөрхангайчууд ердөө 26 самбар авсан аж. Хоёр дахь боломжийг Ховд аймгийн багаа нийт 22 удаа үүсгэсэн байна. Эдгээр хоёр үзүүлэлт тоглолтын ялагчийг шийдсэн гэж дүгнэж болох юм.
“Увс нуур” хожигдол хүлээсээр
Алс баруун хязгаар Увс аймгийн “Увс нуур” улирлын дөрөв дэх тоглолтоо Дундговь аймгийн багтай хийсэн юм. Тоглолтын эхнээс Дорждамба, Баярбат тэргүүтэй дунговьчууд давамгайлсан бөгөөд эхний хагас тэдний тэргүүллээр өндөрлөв.
Гуравдугаар үед Дундговь аймгийн баг онооны зөрүүг 20 болгон холдуулсан юм. Харин дөрөвдүгээр үеийн сүүлийн зургаан минутаас эхлэн Увс аймгийн баг бүтэн талбайн хамгаалалт авсан нь өрсөлдөгчөө нэлээдгүй сандаргасан. Гэхдээ олон онооны зөрүүг сүүлчийн хэдхэн минута бүтэн талбайн хамгаалалтаар арилгаж чадсангүй. Улмаар 86:78-аар Дундговь өрсөлдөгчөө хожиж, улирлын гурав дахь ялалтаа авсан юм.
Хэрэв гуравдугаар үеийн төгсгөл, дөрөвдүгээр үеийн эхнээс “Увс нуур” баг бүтэн талбайд хамгаалалт хийсэн бол ялагчийн хувь заяа өөрчлөгдөх байсныг үгүйсгэхгүй юм. Тус тоглолтод Саруул-Эрдэнэ 14 оноо, Дорждамба 13 оноо, 18 самбар, Анар, Жавхлантөр нар 12 оноо авлаа.
Увс аймгийн багаас Ц.Баянмөнх шилдэг тоглолтоо үзүүлэн багаа тэргүүлж 23 оноо авчээ. Мөн Нямбаяр 15, Я.Бат-Орших 12 оноо авсан юм. Увсчууд өрсөлдөгчөөсөө даруй 10 самбар дутуу авсан. Тэд мөн багаараа 32 хувьтай довтолсон аж.