Дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчид БНСУ-д болж байгаа олон улсын балетын "А" зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцлоо. Ес дэх удаагийн эл наадам өнөөдөр өндөрлөж, ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож гурван тусгай шагнал, О.Анужин хүрэл цом, тусгай шагнал, залуу бүжигчин О.Хатанбаатар дипломын шагнал хүртлээ.
ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож эрэгтэй бүжигчдийн хувьд хамгийн хэцүүд тооцогддог хоёр ч трюкийг маш сайн хийсэн байна. Түүний агаарт гурван удаа эргэсэн үзүүлбэрийг шүүгч нар өндрөөр үнэлжээ.Түүний хүртсэн гурван тусгай шагналын нэг нь БНСУ-ын балетын холбооных юм. Энэ нь тус тэмцээнд оролцогчдын авахыг хүсдэг хамгийн том шагналын нэг юм.
Дэлхий 20 гаруй орны бүжигчид авьяас сорьсон энэ уралдаанд манай театрын найман бүжигчин амжилттай оролцсон бөгөөд тэдэнтэй хамт Соёлын тэргүүний ажилтан, АНУ-ын Вашингтоны Киров балетын академийн багш У.Бат-Эрдэнэ яваа юм билээ.