Дэлхийн банк ойрын долоон жилд ядуусын тоог 50 хувиар цөөлж, улмаар 2030 он гэхэд энэхүү асуудлыг бүрмөсөн цэгцлэхээр зэхжээ. Дэлхийн нийт хөрөнгийн хэмжээ өдгөө түүхэнд байгаагүй дээд түвшиндээ хүрээд буй бөгөөд ойрын таван жилд улам өсөх таамаг бийг тус байгууллагаас тайлагнасан байна. Өдөрт 1.25 ам.доллараас ихгүй мөнгийг амьжиргаандаа зарцуулдаг иргэдийг Дэлхийн банкнаас ядуус хэмээх ангилалд хамааруулан үздэг аж.
Дэлхийн нийт хүн амын 18 хувийг тэд эзэлдэг бөгөөд тодруулбал, нэг тэрбум гаруй хүн бий гэнэ. 1990 онд энэхүү үзүүлэлт 43 хувьтай байсан бол хөгжиж буй орнуудад амьжиргааны түвшин эрс нэмэгдсэнээр 23 жилийн дотор ийнхүү хоёр дахин буурчээ.
Харин Дэлхийн банкны тэргүүн Жим Ен Кимийн өгүүлснээр өдгөө ядуурлын түвшнээс доогуур амьдралтай иргэдийн тоог тавин хувь хүртэл бууруулахад ердөө долоон жил хангалттай бөгөөд энэ зорилгыг биелүүлэхэд хувь нэмэр оруулж, бүх хариуцлагыг үүрэхэд бэлэн хэмээн амласан байна. Дэлхийн банкны тэргүүнээр ажиллах түүний бүрэн эрхийн хугацаа 2017 онд дуусах бөгөөд цаашид үргэлжлүүлэн эл албыг хаших боломжтой хэмээн олон улсын шинжээчид дүгнэдэг юм.
С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ