Энэ оны наймдугаар сарын байдлаар орон сууцын үнэ Улаанбаатарт өмнөх жилийн мөн үеийнхээс 11.5 хувиар өсөж, өнгөрөгч сарынхаас 0.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Насжилтаар нь ангилбал шинэ орон сууцын үнэ 2023 оныхоос 6.8, хуучных нь 14.1 хувиар өсжээ.
Хуучин орон сууцын нэг ам метр талбайн үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.57 сая төгрөг байгаа бол хямд нь Сонгинохайрханд 2.77 сая төгрөг байна. Харин шинэ орон сууцынх Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт хамгийн үнэтэй буюу 4.12-4.28, Сонгинохайрхан, Чингэлтэйд хямд буюу2.96-3.91 сая төгрөг байгаа аж. Хотын төвийн дүүрэгт орон сууцууд эрэлттэй байгаатай холбоотойгоор хуучин байрны үнэ шинээсээ дунджаар 6.3 хувиар өсжээ.
Н.Мишээл