Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн Сар гэрийн гол гэдэг газар буюу аймгийн төвөөс баруун хойд зүгт, 260 км-т ойн түймэр гарсныг хиймэл дагуулаар илрүүлсэн талаар өнгөрсөн сарын 26-ны 16.20 цагт ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас мэдэгджээ. Үүний дагуу Хөвсгөл аймгийн Он
цгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын алба хаагчид болон улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар уржигдар тус газрыг зорьжээ. Алба хаагчид сумын төвөөс 80 км зам туулж, Мунгараг багийн Дэлгэр мөрний эхэд хүрсэн байна. Түймэр гарсан хэсэгт хүрэхэд харгана, хөвд ихтэй, цас орсон, хүйтэн салхитай тул морьтой явахад хүндрэлтэй байгааг онцгой байдлын байгууллагад мэдэгдсэн гэнэ. Энэ талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Онцгой байдлын газрын 21, хилийн цэргийн хоёр алба хаагч түймэр дэгдсэн газарт ажиллахаар явж байна.
Улаан-Уул сум дахь төрийн байгууллагад ажилладаг 10- аад хүн түймрийг унтраахаар ажиллаж байсан ч цас орж, нөхцөл байдал хүндэрсэн тул буцаж ирсэн. Манай аврагчид мориор явж байгаа. Хэдийгэээр түймэр гарсан газарт цас орсон ч зузаан хөвд ихтэй. Тиймээс нар гарахаар дахин дэгдэх эрсдэлтэй тул нурмыг заавал бүрэн унтраах шаардлагатай. Хүний гар хүрч байж л бүрэн унтраана” гэв. Түймэр гарсан газарт очиход бартаа саад ихтэй учир мориор 3-4 хоног явж байж хүрэх гэнэ. Алба хаагчид сансрын холбооны утсаар мэдээлэл өгч буй аж.
Ташрамд дуулгахад, энэ он гарснаас хойш өчигдрийн байдлаар 12 аймгийн 47 сумд ой, хээрийн түймрийн 92 тохиолдол бүртгэгджээ.