Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Хангай констракшн” компанийн удирдах албан тушаалтан С.Гал-Эрдэнэ цагдаагийн ажилтанд хахууль өгсөн гэх хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан уг хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-1, 22.5-1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд хүргүүлсэн аж.
Тус шүүхийн шүүгч Х.Одбаяр яллагдагч хоёр хүн, тэдний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг үндэслэн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал өчигдөр хийхээр товлосон боловч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Учир нь яллагдагч С.Гал-Эрдэнийн өмгөөлөгч Э.Ганхөлөг шүүгчээс татгалзах санал гаргасан аж. Үүнийг нь тус шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хойшлуулсан байна.
С.Гал-Эрдэнэ 2023 оны долоодугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 5.4-4 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст шалгуулж байж. Энэ үедээ оршин суудаг хорооныхоо хэсгийн байцаагчаар ажиллаж байсан, ахлах дэслэгч О.Жамъянсүрэнд мөнгө өгч хэргээ хаалгахаар хандсан гэнэ. Улмаар цагдаагийн ажилтны хамаарал бүхий хүнийх нь данс руу хоёр ч удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн аж. Уг нь С.Гал-Эрдэнэд холбогдох зөрчлийн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн бол тэрбээр албадан сургалтад сууж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээх байсан юм.
С.Гал-Эрдэнийн хувьд Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр найз, улсын өсөх идэр начин Э.Э-ыг хэрцгийгээр зодож, улмаар аминд нь хүрсэн хэрэг гарах үед өөрийн хамаарал бүхий Хан-Уул дүүргийн нутаг дахь “Наяд” төвийн есдүгээр давхрын ажлын байрандаа хамт байсан, гэрч, хохирогчоор тогтоогдон шүүхэд мэдүүлэг тайлбар өгч байсан нэгэн гэдгийг уншигчид санаж буй нь лавтай.