Орон сууцын айл өрхүүдийн зуны “зуд” нь халуун усаа хаалгуулах байдаг. Ус, дулааны шугам хоолойн төлөвлөгөөт засвар, үйлчилгээ хийхийг мэдээж дэмжинэ. Гэхдээ л ус хаасан 7-14 хоногт байрны оршин суугчид яаж зутардаг билээ дээ. Тэгвэл X хороолол орчмын орон сууцуудын хэдэн мянган айл өрх, үйлдвэрлэл, үйлчилгээнийхэн энэ зун гурван сар гаруйн хугацаанд халуун усгүй амьдарлаа.
Өнөө жил 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж буй юм билээ. Баянгол дүүрэг, 25 дугаар эмийн сан, X хороолол, Улсын гуравдугаар төв эмнэлгийн төв замын урд талд энэхүү 15.6 км шугамын хэсэгчилсэн засварыг хийж буй юм. Үүнээс өмнө бас л “Төлөвлөгөөт засвар хийнэ” хэмээгээд тухайлбал, X хорооллын “Цоглог хотхон”, “Түвшин өргөө”, “Голден парк 1, 2” хотхоны халуун усыг тавдугаар сарын эхээр хааж, сүүлчээр нээсэн. Гэтэл магистраль шугам солих боллоо гээд долоо ч хонолгүй дахиад л халуун ус хаачихав. Энэ удаад бүр есдүгээр сарын 15-нд ус “өгнө” гэж “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас оршин суугчдад мэдэгдсэн. Үндсэндээ эдгээр хотхоны айлууд өнгөрсөн тавдугаар сараас хойш халуун усны бараа хараагүй гэсэн үг.
Олон жилийн насжилттай шугам хоолойг шинэчлэхийг оршин суугчид дэмжиж, тэвчиж, хүлээсээр өдий хүрсэн. Гэтэл ачир дээрээ шугам хэсэгчлэн сольж буй дээрх байршлуудад ажил хийж буй хүн “өдрийн од”. Зургаадугаар сарын эхээр шугам хоолойн засварыг эхлүүлнэ хэмээж байсан ч сонгууль гэж хороо, дүүргээрээ өвчигнөсөөр ажил хийгээгүй. Долоодугаар сарын эхээр наадам, амралт зугаалга гээд мөн л ажил нь урагшлаагүй. Харин энэ сараас л алдаг оног хэдэн техник ажиллуулж, цөөнгүй хүн нүх ухаж, бетон цутгаж харагдах шив. Энэ байдлаараа магистраль шугам шинэчлэх ажлыг төлөвлөсөн хугацаандаа дуусгаж амжихааргүй дүр зурагтай байна.
Нийслэлийн хэмжээнд 390 гаруй км дулааны шугам сүлжээ бий талаар хотын захиргаанаас мэдээлсэн. Эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай тул ийнхүү жил бүр хэсэгчлэн засдаг аж. Өнөө жилийн шугам хоолойн засвар, шинэчлэл, өргөтгөлийн ажлыг өнгөрсөн долоодугаар сард эхлүүлсэн гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү мэдээлнэ лээ. Даанч ажил нь төдийлөн урагшлаагүй бололтой. Ямартай ч тэрбээр шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 15-наас өмнө дуусгахыг гүйцэтгэгч нарт үүрэг болгов. Үүний дараа засвар хийсэн байршлуудын авто болон явган замуудыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан хучиж, тохижилт хийх гэнэ.