“Голден стэйт уорриорз” багийн лидер С.Көрри энэ сарын 4-нд болсон “Атланта”-гийн эсрэг тоглолтод 60 оноо авсан. Тун удахгүй 36 нас хүрэх гэж буй түүний эл амжилт нь NBA-ийн түүхэнд тодоор бичигдэх нь гарцаагүй. Учир нь лигийн түүхэнд ердөө зургаан тоглогч л 30-аас дээш насандаа 60 онооны босгыг давж байсан юм. Тэднээс хамгийн ахмад тавыг нь танилцуулъя.
Том Чэмберс
Тэрбээр карьерынхаа эхэн үеийг“Сиэтл”-д өнгөрүүлжээ. Харин оргил үеэ “Финикс”-т өнгөрүүлсэн агаад эл багт таван улирал тоглосон. Ингэхдээ нэг улиралд нь 27.2 оноо дунджилсан юм. Хамгийн сонирхолтой нь, Том 30 нас, 276 өдөртэйдөө хуучин баг “Сиэтл”-ийн эсрэг 60 оноо авсан. Эл тоглолт 1990 оны гуравдугаар сарын 24-нд болсон бөгөөд баг нь өрсөлдөгчөө 121:95-аар бут ниргэж, Том лигийн түүхэнд нэрээ тодоор үлдээсэн юм.
Уилт Чэмберлэн
Домогт төвийн тоглогч Уилт NBA-ийн олон дээд амжилтын эзэн билээ. Тэдгээрийн ихэнх нь онооны гайхалтай үзүүлэлтүүдтэй нь холбогддог. Тухайлбал, Уилт 1961-1962 оны улиралд 50.4 оноо дунджилж байв. Тийм ч учраас У.Чэмберлэн 30 нас гарсан хойноо ч оноо “бөөндсөн”. Тэр дундаа гурван ч удаа 60 онооны босго давсанд нь гайхах хэрэггүй юм. Тэрбээр 1969 оны хоёрдугаар сарын 9-нд буюу 32 нас 172 өдөртэй байхдаа “Финикс”-ийн эсрэг 66 оноо авч, довтолгооны ур чадвараа гайхуулсан түүхтэй.
Дэмьен Лиллард
“Портлэнд”-ийн лидер асан, тус багийн түүхэнд хамгийн их оноо авсан тоглогч бол Д.Лиллард. 32 нас, 295 өдөртэйдөө71 оноо авч, сагсан бөмбөг сонирхогчдыг бишрүүлж байлаа. 2023 оны хоёрдугаар сарын 27-нд болсон “Хьюстон”-ы эсрэг тоглолтын эхнээс төгсгөл хүртэл Дэйм “галзуурсаар” ийм өндөр онооны босгонд хүрсэн юм. Эл түүхэн тоглолтоосоо нэг сарын өмнө Д.Лиллард “Юта”-гийн эсрэг өрсөлдөөнд 60 оноо авсныг нь мөн дурдах хэрэгтэй.
Стефен Көрри
Улирлын хоёр удаагийн үнэ цэнтэй тоглогч (MVP), лигийн дөрвөн удаагийн аварга С.Көрри хэдхэн хоногийн өмнө 60 онооны босгонд хүрлээ. Ийнхүү карьертаа нэгэн онцгой амжилт тогтоож, эл жагсаалтын дэд байрт бичигдэх эрхтэй болов. “Атланта”-гийн эсрэг уг тоглолт эн тэнцүү болж, багууд нэмэлт цаг сунгасан. Харамсалтай нь, С.Көрригийн 60 оноо багтаа ялалт авчирч чадаагүй билээ. Тэрхүү өдөр Стеф 35 нас, 326 өдөртэй байсан юм. Үүнээс өмнө буюу 32 нас, 295 өдөртэй байхдаа түүнийг 62 оноо авч байсныг (“Портлэнд”-ийн эсрэг) мартаж болохгүй.
Коби Брайант
“Лейкерс”-ийн домогт тоглогчийн карьерын сүүлчийн улирал нь 2015-2026 оных байсан. Улирлын сүүлчийн тоглолтод тэрбээр 60 оноо авсан юм. Карьерынхаа сүүлчийн тоглолтод 60 оноо авахдаа “хар мамба” 37 нас, 234 өдөртэй байлаа.
Бэлтгэсэн: Н.Энх