Gremix нэрээрээ олон нийтэд танигдсан юүтүбэр М.Ганбаяр энэ сарын 3-нд тоглоомын дэлгүүрээ нээв. үүнийг дэмжигч хүүхдүүд нээлтийнх нь өдөр бүх барааг нь худалдан авч, дэлгүүрийг хоосолсон байна. Ингээд тэрбээр эл шинэ бизнесээ түр хугацаанд зогсооход хүрсэн нь манайд тун ховор үзэгдэл боллоо. Gremix дэлгүүр нээснийг сонссон хүүхдүүд заавал очих гэж ээж, аавыгаа нэлээд зовоосон талаарх сэтгэгдэл ч цахим орчинд цөөнгүй тархсан. үүнчлэн тухайн өдрийн 17.00 цагт дэлгүүр хаасан ч заавал очиж үзнэ гэж зөрүүдэлсэн “этгээд” цөөнгүй байсан гэнэ.
“Нээлтийн ачааллын улмаас дэлгүүр маань барааны нөөцийн хомсдолд орлоо. Тиймээс шинэ бараанууд ирэх хүртэл түр хугацаанд хаалгаа барихаас өөр аргагүйд хүрлээ. Дахин нээхдээ илүү олон тоглоомтой, тухтай орчинд уулзацгаая. Нээлтээр хүрэлцэн ирсэн, дэмжсэн бүх хүнд баярлалаа” хэмээн М.Ганбаяр цахим хуудсандаа бичсэн байв. Gremix нь хүүхдүүдийн дунд үнэхээр алдартай нэгэн. Тэрбээр юүтүбт 1.13 сая дагагчтай бөгөөд видео тоглоом тоглох үеийн хөгжилтэй бичлэгүүдээрээ олонд анх танигдсан. Ялангуяа тоглох үедээ гаргадаг хариу үйлдлүүд, хөгжилтэй үг хэллэгүүд нь хүүхдүүдэд ихэд таалагддаг аж. Өнөө үеийн монгол хүүхдүүд юу илүү сонирхож, үзэж байгааг түүний дэлгүүрийн нээлт ийнхүү харууллаа.