Монгол Улсын анхны Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт зохиолч, орчуулагч, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулсан "Утгын чимэг 2023" наадам өргөн дэлгэр, үзэх сонсох сонин сайхантай болж өнгөрлөө. Үгийн яруу сайхан эл наадмыг өнөө жил Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгууллаа.
Өнөө жил До.Цэнджавын "Тамга" гэдэг өгүүллэгийг МУСТА жүжигчин, дуу оруулагч Ө.Мөнгөнтулга уншиж түрүүллээ.
Улмаар зохиолч, орчуулагч Д.Гүн-Үйлс "Алтан судар" гэдэг өгүүллэгээрээ удаалсан. Түүний өгүүллэгийг нэвтрүүлэгч, дуу оруулагч Д.Пүрэвжав уран яруу уншиж олонд хүргэлээ. Гуравдугаар байранд Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Балжирын Догмидын "Морин цэргийн дууль" өгүүллэг шалгарлаа. “Морин цэргийн дууль” өгүүллэгийг Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын тайз, дэлгэцийн урлаг, өгүүлэхүйн ухааны нэрт мастер Г.Равдан уншиж, уншигчдын тархи оюуныг мялаалаа. Балжирын Догмид Утгын чимэг наадмын эзнээр гурвантаа тодорч байжээ.