Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа. Тэрбээр Гэр бүлийн тухай хууль бол хувийн эрх зүйн асуудлыг зохицуулж байгаа иргэний эрх зүйн суурь хуулийн нэг бөгөөд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан талаар онцлоод, гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихэссэнийг тоо, баримт дурдан өгүүлэв. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах зарчмыг баримталсан байна. Хуулийн төсөлд эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, хамтран амьдрагчдын эрх үүргийг тодорхойлох, тэдний хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг шинэлэг зохицуулалтуудыг тусгасан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд илтгэлдээ дурдаж, гэрлэгчдийн эрх, үүрэг, үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талын эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан тохиолдолд иргэний хуульд заасны дагуу гэм хорын хохирол төлүүлэх, тэдний эд хөрөнгийн эрхийг хамгаалах зорилгоор гэрлэлтийн гэрээ байгуулах зэрэг нарийвчилсан зохицуулалтуудыг танилцуулсан юм.
Мөн, хуулийн төсөлд хүүхдээс тусдаа амьдарч байгаа эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн өмнө хамтран үүрэг хариуцлага хүлээх зарчимыг тусгажээ. Үүний хүрээнд, хүүхдийн тэтгэлгийн хэмжээг тэтгэлэг авагчийн нас, амьжиргааны өртөг, зардал зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан, тэтгэлэг төлөгчийн орлого, нөхцөл байдалтай уялдуулсан аргачлалаар тогтоохоор заасан байна. Түүнчлэн, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг гэр бүлдээ авч, асран хүмүүжүүлэх “Асралт гэр бүл”-ийн харилцааг шинээр оруулжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр илтгэлдээ бас нэг асуудлыг онцолсон нь хүүхдийг гадаад, дотоодын иргэдэд үрчлүүлэхтэй холбоотой асуудал байлаа. 2017-2022 онд дотоодын иргэдэд 7596, гадаадын иргэдэд 274 хүүхэд үрчлэгдэж, хүүхэд үрчлүүлснийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр нийт 141 гарчээ. Иймд хуулийн төсөлд хүүхдийн эрх хууль ёсны асуудлыг хамгаалах зорилгоор үрчлүүлэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэдэг байх зохицуулалтыг тусгасан байна.
Дараа нь хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцууллаа. Тэрбээр Байнгын хорооны хуралдааны үеэр хоёр тал хүүхдийн тэтгэмжийн асуудлыг эд хөрөнгийн маргаангүй, харилцан тохиролцож шийдвэрлэсэн тохиолдолд шүүхэд хандалгүй, хялбаршуулсан журмаар, эс бол бусад захиргааны хэм хэмжээний актаар гэрлэлт цуцлах боломж байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, гэр бүлээс гадуур харилцааны улмаас гэрлэлтээ цуцалж байгаа тохиолдолд буруутай этгээдэд мөнгөн төлбөр оногдуулах, гэрлэлт бүртгүүлэх үед цус ойртолт, садан төрлийн гэрлэлтээс сэргийлэх, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, ургийн бичгийг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан хөтлөх асуудлыг хуульд тусгах, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа гэр бүлээ цуцлуулсны дараа хүүхдийн тэтгэлэг төлүүлэх үүрэг хариуцлагыг биелүүлэх талаар шинэ зохицуулалтыг хуульд тусгах, гадаадын иргэдэд хүүхэд үрчлүүлснээр цаашид гарах үр дагаврыг зохицуулах, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ижил хүйсийн хүмүүс гэр бүл болох, хамтран амьдрах асуудлыг хуульчлах зэрэг олон асуудлыг хөндсөн байна.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, онц ноцтой асуудал үүссэний араас биш аливаа сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байгааг дурдаад, ОХУ-д хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байгаа хүнийг ялладаг, асрамжийн газарт хүмүүжээд, их, дээд сургуулиа төгссөн бүтэн өнчин хүүхдэд бай өгдөг талаар дурдаж, энэ талаарх гадаад улсуудын эрх зүйн зохицуулалтыг судалж үзэхийг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Монголын гэр бүлд асар их асуудал хуримтлагдаад байгааг онцолж, төрийн албаны болон нийгмийн ёс зүйн асуудлыг судлаад үзэхэд гэр бүлийн харилцаанаас маш олон зүйл хамаарч байгааг дурдав. Тэрбээр гадаад улсад ажиллаж, амьдарч буй монгол хүмүүсийн гэр бүлийн харилцаа, гадаад хүмүүстэй гэр бүл болж буй эмэгтэйчүүд, залуусын эрх ашгийг хамгаалах талаар хөндөж, цус ойртолтоос сэргийлэх болон ургийн бичгийг хөтлөхөд дэвшилтэт технологийг ашиглах, мөн гэр бүлийн болон эцэг, эхийн ёс суртахууны зохицуулалтыг хуульд тусгах талаар ярив. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байгаа асуудлыг хөндөж, тэтгэлэгийн хэмжээг төлөгчийн орлоготой уялдуулах саналыг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ эрэгтэйчүүдийн доройтлын асуудлыг хөндөж ярив.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго цус ойртолт, садан төрлийн гэрлэлтээс урьдчилан сэргийлэх талаар хариулт өгөхдөө, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд цус ойртолтоос урьдчилан сэргийлэх хүн амын удмын санг хамгаалах зорилгоор гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНК-гийн шинжилгээнд хамрагдаж болох боломжийг нээж өгсөн талаар ярилаа. Мөн тэрбээр, хуулийн төслийг боловсруулахдаа аль болох хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих зарчмыг баримталсан тухай дурдаж, төрөл садны холбоог тогтооход ДНК-ийн шинжилгээнээс гадна хосуудад удам зүйн шинжилгээ хийхэд ураг төрлийн өвөг удмын гурав болон түүнээс дээш үеийн үеэл, хаяал, бөл өвөг удмуудыг тодорхойлох шаардлагатай гэсэн юм. Энэ суурь судалгааг хүн амын дор хаяж 1.0 хувьд хийх шаардлагатай ажээ. Ургийн бичиг хөтлөхөд дэвшилтэт технологийг ашиглах талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хариулахдаа, гэрлэгчдийн хувь хүний мэдээллийг ДНК-ийн шинжилгээний хариутай тулган нягталж, дүгнэлт гаргахад зохион байгуулалт, техник хангамжийн нэлээд ажлуудыг урьдчилж хийх шаардлагатай тул энэ зохицуулалтыг 2028 оноос хэрэгжүүлэхээр тусгасан гэсэн юм. Мөн тэрбээр, монголчуудын уламжлалт ургийн бичиг хөтлөх уламжлал, ургийн баяр зэргийг дэлгэрүүлж, үндэсний хэмжээнд аян явуулах шаардлагатай гэсэн юм.
Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа энэ талаар урьд өмнө Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн боловсруулж байсан төсөл, зохион байгуулсан хэлэлцүүлгээс грасан зөвлөмж, саналыг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгахад анхаарч ажиллахыг хүсээд, гэр бүл салалтаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн тэтгэлэгээ авч чадахгүй байгаа эхчүүд амьдралаа хэрхэн авч явж байгаа, хүнд хэцүү байгаа гэр бүлд ямар дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж, хариулт авлаа. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Гэр бүлийн тухай хууль бол халамжийн тухай хууль биш, халамж, хамгааллын асуудлыг тухай харилцааг зохицуулсан хуулиудад тусгасан хэмээн хариулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах талаар Засгийн газарт өгсөн чиглэлүүд хуулийн төсөлд туссан байгааг онцолж, уг чиглэлийн хүрээд цус ойртолт, удамшлын өвчлөлөөс сэргийлэх үүднээс ургийн бичиг хөтлөлтийг хэвшүүлэх талаар өгсөн үүргийн хэрэгжилт ямар байгааг тодруулж, ДНК-ийн шинжилгээ хийх лаораторийн хүчин чадлын талаар асууж, монгол хүний удмын сангийн лабораторитой болох, нийтээрээ ижил ургийн овогтой болсон байдлыг цаашид хэрхэн зохицуулах зэрэг асуудлыг хөндөв. Мөн тэрбээр, цус ойртолтоос сэргийлэх нийтлэг дөрвөн аргын нэг болох шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хуулийн төсөлд хэрхэн туссан талаар тодруулсан юм. Эдгээр сэдвийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, Л.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар мөн хөндсөн юм. Генийн сан, анагаах ухааны дата бааз, эд, эс, эрхтний сан, мөн гэр бүлийн гишүүдийн эдийн засгийн эрхийг хангах зэрэг шийдлийг Улсын Их Хурлын гишүүд хөндөж, гэр бүл салалтаас урьдчилан сэргийлэх, төрөл садны гэрлэлт болон цус ойртолт, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох болон ургийн бичгийн хөтлөх, хамтран амьдрах харилцааг зохицуулах, гэр бүлийг хамгаалах зэрэг олон асуудлаар байр сууриа илэрхийлэв. Гэр бүлийн болон хүүхэд хамгааллын эрх зүйн харилцааг нягт уялдуулах, бусад хууль тогтоомжийн нийцлийг хангах, гэр бүлээс гадуурх харилцаанд хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Н.Ганибал нар хөндөж ярьсан юм. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны зэрэгцээ Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргав.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураав. Санал хураалтаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ