Зэвсэгт хүчний хөгжилд ахлагчийн бүрэлдэхүүний үүрэг оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, ахлагчийн албыг сурталчлахад чиглэгдсэн “Таниас манлайлал эхэлнэ” уриатайгаар Зэвсэгт хүчний тэргүүний ахлагч нар чуулж байна. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын Ахлагч нарын төлөөлөл оролцож буй уг чуулганд УИХ-ын гишүүн Н.Бат-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба нар оролцлоо.
Засгийн газрын хуралдаанаар ҮБХИС-ийн ЦНДС-ийн харьяанд байсан “Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв”-ийг ҮБХИС-ийн харьяа “Ахлагчийн политехник коллеж” болгох шийдвэр гарчээ. Тус чуулган нь хоёрхон өдрийн өмнө уг танхимд зохион байгуулагдсан “Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний залуу офицеруудын дэд чуулган”-ын үргэлжлэл болон зохиогдож байгаагаараа онцлог. Мөн энэ үеэр ахлагч нарын нийгмийн хамгааллыг дэмжих ажлын хүрээнд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Бат-Амгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Харуул, үйлчилгээний тусгай ротын ахлагч, ахлах ахлагч Я.Бямбасүрэнд нэг өрөө байрны урьдчилгаа гардуулж өгчээ.