ШӨХТГ-аас өнгөрсөн онд “МАК цемент” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгаад, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч үүнийгээ хууль бусаар ашиглан, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулж цементийн үнийг үндэслэлгүйгээр хэт өндөр тогтоосон гэж үзсэн. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 10.7.9-д зааснаар тухайн бараа, бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувьтай тэнцэх буюу 5 370 546 910 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж байв. Дээрх компани үүнийг эс зөвшөөрч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан аж. Анхан шатны шүүхийн шийдвэрээр зөрчилд шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах “МАК цемент” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. ШӨХТГ-ын 2021 оны 08 дугаар тогтоолоор тус компанийг цементийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон юм.
Бэлтгэсэн: Ц.Ундрал