2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлсөн Машинаар уншигддаг виз (MRV)-ийн хураамжийн хүчинтэй хугацаа 2023 оны есдүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болохыг Америкийн Элчин сайдын яамнаас мэдээллээ. Тус хураамжийн хүчинтэй хугацаа сунгагдахгүй учраас виз мэдүүлэгчид дахин визийн хураамж төлөхгүйн тулд 2023 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө визийн ярилцлагын цаг авах эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх цаг товлохыг зөвлөжээ. Таны сонгох визийн ярилцлагын өдөр нь заавал 2023 оны 9 сарын 30-ны өдрөөс өмнө байх албагүй бөгөөд зөвхөн энэ хугацаанд товлогдсон байх шаардлагатай. Түүнчлэн 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө MRV хураамжаа төлсөн виз мэдүүлэгч 2023 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хойш визийн цагаа товлох эсвэл товлосон цагаа өөрчлөхгүй байхыг анхааруулж байна. Ингэснээр виз мэдүүлэгчийн анхны товлосон цаг болон MRV хураамжийг хүчингүй болгоход хүргэнэ. Ийм тохиолдолд виз мэдүүлэгч визийн хураамж төлөх, дахин шинээр виз мэдүүлэх шаардлага үүсэх юм байна.