Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний 466 дугаар тогтоолоор баталсан Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлууд хийж буйг МХБ-ээс мэдээлэв. Үүний хүрээнд нүүрсний арилжаанд оролцогч талууд болох нүүрс худалдан авах сонирхол бүхий хуулийн этгээдүүдийг арилжааны системд бүртгэж эхэлснийг баасан гарагт мэдэгдлээ. Дээрх журмын дагуу худалдан авах санал гаргагч нь http://comex.mse. mn/ цахим системд бүртгүүлэхийн тулд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, оршин суугаа улсын татвар төлөгчийн гэрчилгээ, татвар төлөгчийн дугаар, харилцагч банкны дансны тодорхойлолт, гадаад хэл дээрх баримт бичгийг англи хэлээрх албан ёсны орчуулгын хамт бүрдүүлэх ёстой аж. МХБ нь бүртгүүлсэн худалдан авах санал гаргагчдын материалыг хянан, шаардлагатай бол тодруулга авах бөгөөд системд материал бүрэн оруулсныг үндэслэн дуудлага арилжаанд оролцох эрх олгох гэнэ. Худалдан авагчаар бүртгүүлэх зааврыг тус биржийн цахим хуудаснаас харж болох нь. Нүүрсний биржийн туршилтын арилжаа амжилттай явагдсан тул ирэх хоёрдугаар сарын 15-наас албан ёсоор эхлүүлэхээр болсныг УУХҮЯ-наас мэдээллээ. Ташрамд дурдахад, МХБ өнгөрсөн баасан гарагт 39 компанийн 10.9 сая ширхэг хувьцааг 2.07 тэрбум төгрөгөөр арилжсан юм.