Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг оны эцсийн байдлаар дүгнэн, Засгийн газрын өчигдрийн хуралдаанд танилцуулжээ. Үүнээс хойш “Эрдэнэс Тавантолгой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ болон “Оюутолгой” ХХК нийт 1.1 тэрбум гаруй ам.долларыг Төвбанканд арилжин, тогтоолоор хүлээсэн, валютын орлого төвлөрүүлэх үүргээ биелүүлсэн байна. Тухайлбал, дээрх тогтоол баталснаас хойш “Эрдэнэс Тавантолгой” арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд 588.8 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий нүүрс борлуулжээ. Мөн экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох ажил гүйцэтгэж, хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжин, нийлүүлэлт өссөнөөр гадаад валютын улсын нөөц 2022 оны эцэст 3.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь наймдугаар сард 2.6 тэрбум байсантай харьцуулахад 31 хувиар өссөн дүн аж. Эл нөөц нэмэгдэхийн хэрээр валютын зах зээл тогтворжиж буй бөгөөд улмаар инфляц буурах, макро эдийн засаг тогтворжих суурь бүрдэж эхэлж байгаа гэв. Цаашид төмөр замын ачаа тээврийг оновчтой зохион байгуулахад тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэхэд анхаарахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгажээ.
Бэлтгэсэн Б.Сонор