СЗХ-ны энэ жилийн сүүлийн ээлжит хурал баасан гарагт болов. Энэ үеэр нэг компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр мөн нэг компанийг бүртгэжээ. Бас нэг компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэх, 11 ХЗХ-ны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, гурван компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн зэрэг шийдвэр гаргав. Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн мэргэжлийн холбоо болох “Монголын биржүүдийн нэгдсэн холбоо” ГҮТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр Монгол Улсын виртуал хөрөнгийн салбарт үйлчилгээ үзүүлэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, сургалт, судалгаа явуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор