Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэргэжлийн бүхий л эрх ашгийг хамгаалан ажиллах үүрэг хүлээдэг. Тус эвлэлийн удирдлага Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон "Сэтгүүлчид шантаажчин, худалдагдсан, ёсзүйгүй" хэмээн удаа дараа мэдээлэл хийсэнтэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарласан. Хуралд МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Харилцаа хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Ууганбаяр, сэтгүүлч С.Будрагчаа нар оролцсон юм. Мөн сэтгүүлчдийн мэдэх эрхэд саад учруулж, биед халдсан асуудалтай холбоотойгоор мэдэгдэл гаргасныг танилцуулж байна.
Тус мэдэгдэлд "Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад мэдээллийг хайх, хүлээн авах, цуглуулах, боловсруулах, нийтлэх ажиллагааг сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа хэмээн үздэг.
Сэтгүүлчийн үйл ажиллагааг хууль бусаар хязгаарлах, зогсоох, хяналт тогтоох, мэдээлэл олох боломжийг хаах, олсон мэдээллийг хууль бусаар хурааж авах, устгах, биед нь халдах хүч хэрэглэх, нэр төр, алдар хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоох буюу хаах зэрэг сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах ёсгүй" хэмээн онцолсон юм.
Мөн Цагдаагийн ерөнхий газарт хандаж Орос-Монголын хамтарсан III сургуульд өчигдөр болсон үйл явдлыг шуурхай шалгуулах хүсэлт гаргажээ.