Иргэн Айболат, Алмагүл нар нь 2006 онд гэр бүл болохдоо 838 м.кв газрыг хашаалан, байшин барьж амьдарч байгаад, дараа жил нь нөхөр Айболат нь уг газраа эзэмших хүсэлтээ сумын Засаг даргад гаргажээ. Улмаар Засаг даргаас уг газрыг эзэмшүүлэхдээ тэдний амьдарч байгаа хашаалсан газрынх нь хэмжээнээс багаар буюу 400 м.кв газрыг Айболат, Алмагүл нарт гэх бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхээр захирамж гаргажээ.
2019 онд сумын Засаг даргын захирамжаар Айболат, Алмагүл нарын бодитоор хашаалан амьдарч байгаа хэдий ч 2006 оны захирамжаар тэдэнд олгогдоогүй үлдсэн 438 м.кв газрыг нөхрийн дүү болох иргэн Есболатад эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг иргэн Алмагүл эс зөвшөөрч, шүүхэд маргажээ.
Айболат, Алмагүл нар нь 2018 онд гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд Айболат нь өөрийн дүүд газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжтай маргаагүй байна.
Анхан шатны шүүхээс Есболатад олгосон 438 м.кв газар нь сумын Засаг даргын захирамжаар албан ёсоор хэн нэгэнд олгогдоогүй байсан тул сул чөлөөтэй газар гэж үзэх боломжтой, иймд уг газрыг Есболатад эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх буруу гэж үзжээ.
Давж заалдах шатны шүүхээс Айболат, Алмагүл нар нь сумын Засаг даргаас тэдэнд 400 м.кв газар эзэмшүүлсэн (дутуу хэмжээгээр)-тэй маргаагүй, үлдсэн 438 м.кв газрыг эзэмших талаар хүсэлтээ дахин гаргаж байгаагүй боловч бодит байдал дээр тухайн гэр бүл 838 м.кв газрыг хашаалан олон жил амьдарсан, уг 438 м.кв газар дээр байшин баригдсан, бодит эзэмшил үүссэн байхад тухайн газарт оршин суух албан ёсны хаяггүй, уг байшинг өмчлөх эрхтэйгээ нотлоогүй Есболатад бусдын хашаалсан газраас нь 428 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуульд заасан бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж, Есболатад газар олгосон Засаг даргын захирамжийг хүчингүй болгов.