Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төвтэй хамтран ажиллах “Эрмэлзлийн санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төв нь БНСУ-ын шилжилт хөдөлгөөний талаар эрдэм шинжилгээ, сургалт судалгаа хийдэг байгууллага бөгөөд ийнхүү хамтран ажилласнаар шилжилт хөдөлгөөний салбарын хөгжлийн чиг хандлагыг тогтооход чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн дэлхий нийтээр гадаадын иргэдийг “хянах, цагдах” бус тэдний боловсрол, туршлага, ур чадварыг өөрийн улсын хөгжил дэвшилд ашиглах зэрэг шинэчлэлийг өрнөдийн орнууд төдийгүй манай улсын ойрын хөршүүд болох Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Япон Улсад хэрэгжүүлж буй. БНСУ уг шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Иймд Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төвтэй хамтран ажиллаж, харилцан туршлага хуваалцах нь чухал үр дүнтэй арга хэмжээ болох юм.