Иргэн Сод нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор, 1987-1992 онуудад Улаанбаатар хотын нэгэн рестораны нарийн боовны цехэд шарагчаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Иргэн Содыг тухайн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал болон бусад баримт архивт хадгалагдан үлдээгүй тул тэрээр өөрийн ажиллаж байсан байдлаа хамт ажиллаж байсан 2 хүнээр гэрчлүүлэхээс өөрөөр нотлох боломжгүй талаар шүүхэд тайлбарласан байна.
Хуульд зааснаар, шүүх онцгой ажиллагааны журмаар зарим хэргийг шийдвэрлэдэг бөгөөд үүнд маргалдагч талгүй буюу хэн нэгэнтэй маргаагүй, харин эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр тогтоолгохоор гаргасан хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа хамаардаг. Шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоох зорилгоор өөрийн санаачилгаар тодорхой ажиллагаанууд явуулах боломжтой тул иргэн Содын хүсэлтийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж, БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 маягт, Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 маягтуудад түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал нь хэрхэн бичигдсэн байдлыг тодруулах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, захирамж гаргав.
Шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар иргэн Содын ажилд орсон хугацаа, ажиллаж байгаа байгууллагууд нь тодорхой болсон бөгөөд уг баримт нь гэрчийн мэдүүлэг, бусад баримтаар нотлогдсон тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох тул дээрх баримт нь хэрэгт ач холбогдолтой баримт болох юм. Шүүх дээрх баримтуудад үндэслэн иргэн Содын ажиллаж байсан байдлыг тогтоосон шийдвэр гаргасан байна.
Шүүгчийн захирамжийн дугаар: 101/ШЗ2022/12094
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон