Анх цахим сүлжээнд “Эмээлтэд мах бэлтгэдэг “Эм Ди Си Пи” ХХК нь маханд химийн бодис хийдэг” гэсэн мэдээлэл түгсэн. Энэ нь явсаар мах бэлтгэх үйл ажиллагаа Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулдаг байж болзошгүй нөхцөл болж хувирлаа. Энэ бүхэн яаж ил болов гэхээр, 2022 оны тавдугаар сарын 10-ны 20.00 цагт иргэн Ч “Эмээлтэд маханд химийн бодис хийж бэлтгэж байна” гэсэн мэдээлэл НМХГ-т өгчээ. Энэ дагуу НМХГ-аас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн хашаанд очиж үзлэг хийсэн юм. Ингэж холбогдох дээжүүдийг авч Хүнсний чанар, аюулгүй байдлын улсын лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн аж. Энэ үйлдэлд нийслэлийн Прокурорын газрын хяналтад зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.
“Эм Ди Си Пи” (5040779) ХХК-ийг БНХАУ-ын иргэд 2006 онд байгуулжээ. Тус компанийн 96 хувийг БНХАУ-ын иргэн Dong Xiao Zhong, дөрвөн хувийг тус улсын иргэн Chin Bin эзэмшдэг аж. Харин ажил үүргийн хуваарийн тухайд Chin Bin ерөнхий захирал, Dong Xiao Zhong гүйцэтгэх захирал юм байна. Мөн “Эм Ди Си Пи” ХХК-ийн менежерээр Монгол Улсын иргэн Нэргүйбаатарын Эрдэнэчулуун ажилладаг гэнэ.
Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани ноос бэлтгэх, угаах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байж. Тэгж байгаад 2018 оноос мах бэлтгэх, боловсруулах чиглэлээр ажиллаж эхэлжээ. Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс ажлын байрны дүгнэлт гаргуулж, мах, махан бүтээгдэхүүнийг дулааны аргаар боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байсан юм. Гэхдээ “Эм Ди Си Пи” ХХК нь БНХАУ руу мах экспортлох хянан магадлагаа аваагүй, зөвшөөрөлгүй байсан байна. Гэтэл дээрх үйл явдал болж тус компанийн агуулахад хийсэн үзлэгээр дулааны аргаар боловсруулсан гэх 150 орчим тн мах байжээ. Уг махны хайрцаг дээр “ХКҮ” ХХК-ийн шошго байсан аж. Энэ талаар “Мах импекс” ХК-иас мэдэгдэл гаргаж, өөрийн пэйж дээр ч байршуулсан. Уг мэдэгдэлд “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, “Эмээлт” дэх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт Мэргэжлийн хяналтын газраас зохих шалгалт хийх үеэр “Мах импекс” болон “ХКҮ” ХХК-ийн бүтээгдэхүүний шошго болон барааны тэмдэг их хэмжээгээр олдсон байна. Өөрөөр хэлбэл, манай компанитай ямар нэг гэрээ хэлцэл хийлгүйгээр бүтээгдэхүүний шошго, барааны тэмдгийг ашиглаж, хэрэглэгчдийг хууран мэхэлж, бусдыг төөрөгдөлд оруулсан үйлдэл илэрсэн байна. “Мах импекс” ХХК-ийн зүгээс хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт өгсөн болно” гэжээ.
НМХГ-ынхан “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэчулууныг дуудуулж, мах болон бодисоос дөрвөн төрлийн шинжилгээ авсан байна. Тэгвэл МХЕГ-ын дарга Б.Баасандорж өчигдөр энэ талаар хэвлэл, олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Эм Ди Си Пи” ХХК-ийг зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шалгаж байгаа. Төрийн хяналт шалгалтын хуулиар үүссэн зөрчлийн хэрэг нь прокурорын хяналт дор шалгаж байна. Эрүүгийн хэргийн тухайд “ХКҮ” компани нь 243 тонн мах буюу 1.5 тэрбум гаруй төгрөгийн махыг манайх биш, “Эм Ди Си Пи” гэх компани нь манай хаяг, шошгийг хууль бусаар ашигласан гэж цагдаад өгсөн. МХЕГ-аас мөн адил уг махыг эзэн холбогдогчгүй байна гээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.
“Эм Ди Си Пи” гэх компанийн хувьд 2018 онд үйл ажиллагаа явуулах дүгнэлт буюу зөвшөөрлөө авсан. Улмаар 2020, 2021 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа явуулаагүй. 2022 оны хоёрдугаар сараас ажиллаж эхэлсэн юм билээ. Ингэхдээ өөрийн зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан буюу экспортлох махнуудыг бэлдэж эхэлсэн байна. Гэтэл тус компани өөрөө БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлгүй байсан. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл ахуй, барилга байгууламжийн шаардлага хангахгүй, техник технологийн шат дамжлагын дэвтэр байхгүй буюу Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар шууд зөрчлүүд илэрсэн тул тухайн компанийн үйл ажиллагаа явуулах дүгнэлтийг хүчингүй болгосон. Тус компани дээр илэрсэн бодис нь цардуулаас үүссэн гэдгийг хэлье. Цардуулыг ер нь хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Харин тус компанийн хэрэглэсэн цардуул нь 2021 оны наймдугаар сарын 3-нд хугацаа нь дууссан. Мөн лабораторийн шинжилгээгээр цардуулын агууламжид олон нийтийн сүлжээгээр яригдаад байгаа формальдегид бодис 0.845 мл илэрсэн. Түүнээс биш тэр бодис махнаас илрээгүй” гэсэн юм.
“ХКҮ” /2776022/ ХХК нь 2007 онд байгуулагдсан. Тус компанийг Халтмаагийн Цэндбаяр 100 хувь эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар нь Батбаярын Бадмаа ажилладаг. Консервын үйлдвэрлэл, спорт клубийн, хиам, хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
“ХКҮ” ХХК нь “Мах импекс”-ийн хашаанд байрладаг. БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлтэй юм байна. Дээрх үйл явдалтай холбогдуулан “Мах импекс” ХХК-иас 2022 оны тавдугаар сарын 17-нд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэст “Эм Ди Си Пи” ХХК нь тус компанийн шошго, барааны тэмдгийг хуурамчаар үйлдсэн” гэсэн өргөдөл гаргажээ. Энэ дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээллээр энэхүү “бодис”-той махны хэрэгтэй холбоотойгоор Халтмаагийн Баттуулыг дуудаж байцаалт авч эхэлсэн байна. Х.Баттуул нь “Мах импекс” ХК-ийн хувь эзэмшигч юм. Тэрбээр “Мах импекс”-ээс гадна “Женко”, “Талх чихэр”, “Баянгол зочид буудал”, “Чингис маркет” компанийг эзэмшдэг нэгэн юм.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ