-Нийслэлийн сургуулиудын 80 орчим хувь нь түрээсийн гал тогоотой-
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 380 гаруй мянган хүүхдийн үдийн хоолонд улсаас 88.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2006 оноос хойш нэг хүүхдэд ногдох үдийн цай, хоолны мөнгийг зургаан удаа нэмсэн бөгөөд хамгийн сүүлд 900 төгрөг байсныг 1500 болгожээ. Өөрөөр хэлбэл, нэг сурагчийн хоолны мөнгө өмнөхөөсөө 600 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. “Үдийн цай” хөтөлбөрийг чанаржуулах, хүүхдүүдэд шим тэжээлтэй, аминдэмээр баялаг халуун хоолоор үйлчлэх зорилготой “Үдийн хоол” хөтөлбөрийг 2021 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлсэн билээ. Харамсалтай нь, Ерөнхий сайдаас эхлээд өндөр албан тушаалтнуудад үзүүлж байсан шиг илчлэг тэжээл өндөртэй, нэг удаа олон нэр, төрлийн хоолоор сурагчдыг “дайлдаг” сургууль тун цөөн. Бодит байдалд усанд чанасан будаа, түлэгдсэн талх, боорцог, махгүй, байцайны шөл гээд харахад ч “царай муу”, амт, чанаргүй хоол өгдөг газар олон. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 80 орчим хувь нь түрээсийн гал тогоотой. Гал тогооны өрөөний түрээс, ажилчдын цалин, цахилгааныхаа төлбөрийг нэг хүүхдийн хоолны 1500 төгрөгөөс хумсалж төлдөг учраас хоолны орц, найрлага, хэмжээ бага, амт, чанаргүй байгааг мэргэжлийн хүмүүс нь хэлдэг.
Үүний зэрэгцээ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор 1500 төгрөгөөр нэг хүүхдэд илчлэг, шим тэжээлтэй хоол өгч чадахгүйд хүрээд буйг Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал хэлэв. Ингэхээр 1500 төгрөгөөс хэд нь сурагчдад хоол болж үлдэж байна вэ.
ҮДИЙН ХООЛ ХОДООДЫГ БУС, ХОГИЙН САВЫГ “БАЯРЛУУЛДАГ УУ”
“Манай хоёр хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн хоёр болон тавдугаар ангид сурдаг. Баянзүрх дүүргийн 69 дүгээр сургуулийн үдийн хоол амт, чанар муутай. Усанд чанасан хөц будаа, хүүхдийн будаа, махгүй шөл өгөөд удаж байгаа. Хоол нь хүрэлцээгүйгээс болж хүүхэд минь хоосон үлдэх тохиолдол гардаг. Энэ талаар эцэг, эхчүүд бид хүүхдийнхээ ангийн багштай хамт сургуулийн захиргаанд гомдол гаргасан ч олигтой үр дүнд хүрээгүй. Ямар нэгэн дорвитой арга хэмжээ аваагүйд харамсаж байна. Үдийн хоолны шим тэжээл, илчлэгийг хянадаг газар алга. Давсны хэрэглээ өндөр буй нь санаа зовоож байна. Сургуулийн удирдлага, тогооч нар ажилдаа сэтгэл гаргаасай. Бусдын хүүхэд юу идэх нь хамаагүй мэт аяглах юм. Үнэндээ үдийн хоол хэдэн аж ахуйн нэгжийн мөнгө олох арга болсон гэхэд хилсдэхгүй” хэмээн иргэн Б ярив.
“Манай хүү нийслэлийн 85 дугаар сургуульд сурдаг. Ихэнхдээ өдөрт ганц бууз, амт муутай шөл өгдөг. Хүүхдийн будаа, тос ихтэй шөл өгөхөөр нь идэхгүй асгачихдаг гэсэн. Шингэн шөлийг нь ариун цэврийн өрөөнд асгаад, аягандаа үлдсэнийг нь цүнхлээд аваад ирдэг” гэж өөр нэгэн ээж ярьсан.
Сургуулийн гал тогоо нь хөргөгчгүй учраас муудсан махаар хоол хийсэн тохиолдол Чингэлтэй дүүргийн нэр бүхий нэгэн сургуульд гарчээ. Тэгээд болоогүй энэ талаар мэдээлсэн багшийг эцэг, эхэд “хошуу хүргэсэн” гэх нэрээр арга хэмжээ авсан байх юм. Зарим сургууль ахлах ангийн сурагчдаар аяга, таваг угаалгах зэргээр наад захын ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд хоол бэлтгэдэг байна. Энэ мэтээр хүүхдийн үдийн хоолтой холбоотой гомдол санал тасрахгүй. “Үдийн хоол” гэж бичээд цахимаар хайхад хоолондоо хордсон, түүхий, түлэгдсэн талх, боорцог, тал пирожки өгсөн, муудсан махаар хоол хийсэн гэх мэт таагүй мэдээлэл хөвөрнө. Уг нь “Үдийн хоол” хөтөлбөрийн зорилго нь эрүүл чийрэг монгол иргэнийг төлөвшүүлэх байлтай.
Бага ангийн сурагчдын олонх нь гэртээ өглөөний цай уудаггүй, өлөн ходоодтой сургуульдаа очдог байна. Гэртээ идэх хоолгүй, сургуульдаа очиж өл залгадаг хүүхдүүд ч цөөнгүй. Гэвч сургууль нь ачир дээрээ нэрнээс цаашгүй “хоолоор” үйлчилсээр байна. Уг нь түрээсээр бус, өөрсдөө гал тогоогоо ажиллуулж, улсын төсвөөр ажилтнуудаа цалинжуулснаар хүүхдийн мөнгөнөөс хулгайлахгүй байх боломжтой аж. Сургуулийн удирдлага сайн зохион байгуулж чадвал нэг хүүхдийн үдийн хоолноос өдөрт авах илчлэг болох 610 ккал-д бүрэн хүрэхгүй байлаа ч боломжийн хэмжээнд дөхүүлэх гарц бийг харьяа яамных нь мэргэжилтэн хэлсэн. Хэдийгээр 1500 төгрөг бага боловч өөрсдөө цайны газраа хариуцаж, хүүхдүүдэд боломжийн хоол өгч буй сургуулиудыг үгүйсгэхгүй. Тухайлбал, Дэнжийн мянгад байрлах 138 дугаар сургууль гурван ээжийг ажлын байраар хангаж, сургууль дотроо цайны газартай болжээ. Ингэснээр 1500 төгрөгт тааруулж, амт, чанартай хоол бэлтгэн өгдөг юм билээ.
ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДИЙНХЭЭ ХООЛЫГ ЦАХИМААР ХЯНАХ ГЭНЭ
Дэлхийн 180 гаруй улс хүүхдийн хоолны асуудлыг хуулиар зохицуулдаг байна. Манайх ч 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуультай болсон. Гэвч одоогоор олон заалтыг нь амьдралд хэрэгжүүлээгүй, зөрчсөөр байна. Тухайлбал, сургуулиудыг түрээсийн гал тогоо ашиглахыг хуулиар хориглосон. Гэвч ихэнх сургууль түрээсийн гал тогоотой. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргалаас тодруулахад “Ерөнхий боловсролын сургуулиудын ихэнх нь анги танхим, хонгилыг гал тогоо болгон засаж тохижуулсан, зориулалтын бус байртай. Заримынх нь хүчин чадал хүрэлцдэггүй. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд зааснаар сургууль болон дотуур байр дундаа нэг гал тогоотой байж болно. Харин ямар ч гал тогоогүй сургууль улсын хэмжээнд 11 бий. Тэдгээрийн ихэнх нь орон нутгийн харьяа. Хуулиар сургуулиуд түрээсийн гал тогоо ажиллуулахыг хориглосон ч эл заалтыг үе шаттай хэрэгжүүлэхгүй бол болохгүй. Нэг дор бүгдийнх нь үйл ажиллагааг цуцалчихвал хүүхдүүд хоолгүй хоцорно. Тиймээс сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж, хүний нөөцийн цалинг хүүхдийн хоолны мөнгөнөөс гадна төсөвлөх шаардлагатай байна. Бид өнгөрсөн жил 22, энэ онд 34 сургуулийг өөрийн гэсэн гал тогоотой болгосон. Гадаадын төсөл, хөтөлбөрөөр зарим асуудлыг шийдэж байна. Нөгөө талаас сургуулийн удирдлага, ажилтнуудын сэтгэл, хариуцлагаас олон зүйл шалтгаалж байгаа. Олон улсын жишгээс харахад “Үдийн хоол” хөтөлбөрийг жигдрүүлэхэд багадаа таван жил шаардлагатай. Ямартай ч манай улс Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуультай, хүүхдүүдэд халуун хоол өгч эхэлсэн нь сайн хэрэг. Анх “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд л аж ахуйн нэгжүүдийг түрээсээр ажиллуулсан нь оновчгүй байж. Ингэснээр нэг сурагчид ногдох 1500 төгрөгөөс ажилчдын цалин, байрны түрээс, цахилгааны мөнгө, нэмээд ашиг олно гэхээр хүүхдэд юу үлдэх нь ойлгомжтой” гэв.
Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулийн дунд бүлгийн сурагчдыг үдийн хоолонд хамруулах байсан ч хугацааг нь нэг жилээр хойшлуулжээ. Учир нь бага ангийн сурагчдын үдийн хоол тойрсон “үй түмэн” асуудлыг цэгцлэх шаардлага тулгарсан байна. Тодруулбал, сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж, хүний нөөц, хоолзүйчээр хангах гээд шийдэх асуудал олон. Дэлхий нийтийг хамарсан цах тахлын улмаас Монгол Улс сүүлийн хоёр жилд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, цахим хэлбэрт шилжүүлсэн. Ингэхдээ сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолонд төсөвлөсөн мөнгийг хамгийн эхэнд шахуу эргүүлэн татжээ. Урд хормойгоо авч хойд хормойгоо нөхнө гэгчээр багачуудын хоолыг булааж, буцаагаад хүүхдийн мөнгө нэрээр тараасан гэх. Хэдий цахимаар хичээллэсэн ч үдийн хоолны мөнгийг зориулалтынх нь дагуу зарцуулж, хэдэн сургуулийг ч болтугай өөрийн гэсэн гал тогоотой болгосон бол өдийд сурагчид хүнд нөхцөлд хооллохгүй байв. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ үдийн хоолыг хянаж чадвал чанар нь сайжрах буй за. Хүүхдүүд өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг цэцэрлэг, сургуульдаа дархлаа дэмжих, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь сурах идэвхийг нэмэгдүүлэхээс гадна эрүүл чийрэг өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх билээ. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цахим хяналтын системийг нэвтрүүлжээ. Өөрөөр хэлбэл, сургуулийн тогооч тухайн өдөр хийсэн хоолныхоо зургийг тус цахим системд оруулах бөгөөд түүнийг нь эмч, хоолзүйч хянах гэнэ. Хариуцсан мэргэжилтнүүд болон дүүргийн Боловсролын газраас ч давхар хянах боломжтой төдийгүй эцэг, эхчүүд хүүхдээ ямар хоол идэж буйг харах ажээ. Одоогийн байдлаар сургуулийн тогооч нарт эл системд хэрхэн нэвтрэх, яаж ажиллуулах, цэсээ хэрхэн оруулах, зураг яаж байршуулах зэргийг зааж сургаж буй гэнэ. Ингэж үдийн хоолыг ил тод болгож буй нь сайшаалтай ч хүүхдийн хоолыг “хумслагчдыг” цөөрүүлэх нь нэн чухал байна.