Баян-Өлгий аймгийн уул ус, газар нутгийн дийлэнх хувь нь казах нэртэй болсон гэх мэдээлэлтэй холбоотойгоор тус аймгийн ИТХ-ын болон Засаг даргын тушаал, шийдвэр, хурлын тэмдэглэл зэргийг холбогдох байгууллагаас шалгаад сум, багийн нэр болон газар орны нэрийг өөрчлөн казах нэршил өгснийг хууль сахиулагчид 2020 оны өвөл тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрлөө. Уг хэрэгт Баян-Өлгийн ИТХ-ын болон Засаг даргаар ажиллаж байсан, өдгөө ажиллаж буй нэр бүхий хүмүүс, ЗДТГ-ын хэлтсийн дарга зэрэг таван хүнийг ЭЦА-ныхан мөрдөн шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Тэднийг Эрүүгийн хуулийн 19.16 дахь хэсэгт заасан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод байсан юм. Тухайлбал, Улаанхус, Дэлүүн, Сагсай сумд шинээр баг байгуулахдаа улсын бүртгэлд казах нэрээр оруулсан хэмээн буруутгасан юм. Цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагаагаа дуусгаж, яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлснээс хойш хэрэг хэрхсэн нь тодорхойгүй болов. Прокурорын байгууллагын албаны хүмүүсээс тодруулахад “Улсын нууцтай холбоотой хэрэг учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт удаа дараа өгч, ил болсон гэхэд хилсдэхгүй хэргийг нууцалсаар байна.
Хил хамгаалах байгууллагынхны хийсэн судалгаагаар Баян-Өлгий аймагт уламжлалт монгол газар, усны нэрийн 85 хувийг казах болгочихсон, эсвэл казах аялга оруулчихаад буйг тогтоосон аж. Тухайлбал, Цагаан голыг Аксул, Таван богдыг Бесбогда, Хар ямаатыг Хар жамат гэх мэтээр шууд казах болгож, өөрчилж.
Хэдийгээр нутгийн иргэд өөрсдийн хэл, дуудлагаар газар, усны нэрийн дуудаж байна гэж үзэж болох ч хожим хойчдоо энэ нь маш эрсдэлтэй юм. Тодруулбал, үндэсний аюулгүй байдал, хилийн аюулгүй байдалд хор учруулахын зэрэгцээ Монголын түүхийг бүдгэрүүлж, газар нутгийн маргаанд ч хүргэж болзошгүй. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд газар орны нэрийг хуучнаар нь буюу монгол нэршлийг нь сэргээх ёстой юм. Уг нь УИХ-ын 2003 оны аравдугаар сарын 31-ний 42 дугаар тогтоолоор “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт” баталсан. Уг жагсаалт дахь газар, усны газар зүйн нэрийг албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, тухайн орон нутагтаа ард иргэдийн дунд сэргээн хэвшүүлэх, цаашид хууль бусаар газар орны нэр өөрчлөх гэмт явдалтай хууль тогтоомжийн дагуу тууштай тэмцэх, уул ус, газар нутгаа эрх бүхий байгууллагаас баталсан нэрээр зөв нэрлэж занших, өөрчлөн буруу нэршихээс сэргийлэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах буюу бусад хэлний дуудлагаар галиглахгүй байхыг Монгол Улс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны долдугаар сард зарлиг болгож байсан юм.
Харамсалтай нь Монгол хэлний тухай болон Эрүүгийн хууль, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг зэрэг эрх зүйн баримт бичгүүд байсаар атал Баян-Өлгий аймгийн удирдлага санаатай зөрчихөж. Хэдийгээр тус аймгийн удирдлага хууль зөрчсөн үйлдлээ залруулж, буцааж монгол нэрийг нь ашиглаж байгаа хэмээж буй ч үндэстнийхээ хэлээр хэрхэн ярьдгийг хэлийг нь мэдэхгүй монголчууд ойлгохгүй. Хожмоо монгол нэрийг нь өөрчлөөд казах нэртэй байсан хэмээн маргавал баян- өлгийн ирээдүйн хүүхэд залуус бүгд л “Эцэг өвгөдөөсөө уламжилж ирсэн газар нутаг, ийм нэртэй байсан” хэмээж ч болзошгүй юм.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын удирдлага “Казах нэрээр нэрлэсэн газрын нэрийг монгол болгох нь цаг хугацааны асуудал. Газрын зураг хэвлэдэг аж ахуйн нэгжүүд ч бас хууль зөрчин казах нэрээр нэрлэсэн газрын зураг хэвлэж байсан. Газар зүйн нэр бол өв уламжлагдан дамжиж ирсэн биет бус өв учраас газар орны нэрийг дураараа өөрчилж болохгүй” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлж байсан юм. Тэгэхээр монголчуудад өв уламжлагдаж ирсэн биет бус өвийг эрх мэдлээ урвуулан өөрчлөхийг санаархсан албан тушаалтнуудын хэргийг мартагдуулж, хав дарах ёсгүй. Бидэнд олдсон сүүлийн үеийн мэдээллээр Баян-Өлгий аймгийн таван албан тушаалтнаар тогтоогүй, 10 гаруй хүнийг холбогдуулан шалгасан юм байна. Тодруулбал, 2016 оноос Баян-Өлгий аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан, өдгөө тус аймгийн Засаг дарга болсон Д.Бауыржан, 2016-2020 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга байсан, одоо АТҮТ-ийн дэд даргаар ажиллаж буй А.Гылымхан, тус аймгийн Засаг даргын нийгэм, эдийн засгийн салбар хариуцсан орлогч А.Камелият, 2016-2020 онд ИТХ-ын нарийн бичгийн дарга асан А.Серикболат, Улаанхус сумын Засаг дарга О.Нурлан. Ногооннуур сумын Засаг дарга К.Хуаниш, Сагсай сумын Засаг дарга С.Хонаев, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Улсын бүртгэлийн газрын дарга С.Арман, ИТХ-ын ажлын албаны эрх зүйн ажилтан Т.Аршагүль, Цэнгэл сумын Засаг дарга Д.Ербол, Цагааннуур тосгоны захирагч П.Есболат нарыг холбогдуулан шалгасан байна. Харин өдгөө прокурорын байгууллага дээр дурдсанаар хэрхсэн нь тодорхойгүй, холбогдогч нарын хэнийх нь гэм бурууг шүүхээр дэнслүүлэх нь бүрхэг өдий хүрлээ.