Аман дээрээ "Молор эрдэнэ" хэмээн хүндэлдэг гэх ч амьдралд дээр буянт малтайгаа зүй бусаар харьцах нь ихэссэн байна. Өөрөөр хэлбэл, монголчууд малч ухаанаа гээж, сэтгэл сэртхийлгэх үйлдэл гаргах болжээ. Цахим орчинд байршуулсан дараах зургууд үүнийг илтгэх биз ээ.
Эхний зурагт хоёр морио ойд модноос уяж орхиод турааж алсан үйлдлийг харуулж байна. Цагдаагийн байгууллагаас эл үйл явлын талаар тодруулахад "Хэнтий аймгийн Баян-Адрага сумд 2020 оны хавар болсон явдал. Нутгийн иргэд хулгайгаар самарт явахдаа морио модноос уяад "мартаж" орхисон болов уу. Улмаар хоёр морь өлдөж үхжээ. Эздийг нь одоогоор олоогүй байна" хэмээх тайлбарыг өгсөн.
Дараагийн зурагт гарч буй морины эзнийг олжээ. Уг үйл явдал 2019 оны аравдугаар сард болсон аж. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Уянга сумаас нэгэн иргэн зургаан адуу ачиж, нийслэлийг зорьж явахад нь хажуугаар том оврын машин зөржээ. Энэ үед морьд үргэж, нэг нь машинаас үсэрсэн байна. Улмаар хөл нь гэмтсэн аж. Морины эзэн ганцаар явсан тул морийг машиндаа ачаалж чадаагүй гэнэ. Тухайн шөнө цасаар шуурч, хүйтэн хоножээ. Замын машинуудаас тусламж гуйхаар гар өргөсөн боловч нэг нь ч зогсоогүй байна. Аргагүйн эрхэнд морийг төхөөрч, толгой, туурайг нь тасдан, машиныхаа ардаас зүүжээ. Ингээд өглөө нь "Эмээлт" зах дээр аваачиж зарснаа хүлээжээ.
Монголоо алдсан малчинд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцох гэсэн авч, хуулийн үйлчлэлийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байжээ. Гол нь уг зургийг үйл явдал болсноос хойш хоёр жилийн дараа цахим орчинд байршуулсан аж.