УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт хэд хэдэн албан уулзалт хийжээ. Эхлээд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Үндэсний статистикийн газрын дарга Б.Батдаваа нартай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, чиглэл өглөө. Энэ үеэр байнгын хорооны дарга Ж.Ганбаатар гурван хувийн хүүтэй зээл олдохгүй, Зээлийн батлан даалтын сан хангалтгүй ажиллаж байгаа талаар гомдол ирүүлж байгааг Монголбанкны удирдлагад сануулав.
УИХ-ын дарга “Нэн тэргүүнд ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад анхаарах хэрэгтэй. Ядуурлын үндсэн шалтгаан нь ажилгүйдэл. Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд Зөвшөөрлийн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг өөрчилж, төрийн дунд, доод шатан дахь бизнес, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд үзүүлж буй дарамт шахалтыг зогсоох ёстой. Мөн ажлын байр бий болгож буй салбаруудыг зээл, татварын бодлогоор дэмжих нь зүйтэй. Ажлын байр буй болгосноор эдийн засгийн өсөлтийг хэмжих ёстой. Парламентын зүгээс эрх зүйн орчныг нь сайжруулахад анхаарч ажиллах болно. Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгахад УИХ, Засгийн газар онцгой анхаарна” гээд цар тахлын үед болон дараа нь төрөөс мөнгөний бодлогын чиглэлээр ямар арга хэмжээ авах, хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах болон банк санхүүгийн шинэтгэлийг хийхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид бодлогын ямар ажил зохион байгуулах талаар чиглэл гаргаж ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн газрын удирдлагуудад даалгалаа.
Дараа нь Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал дагасан шинэ суурьшлын бүс байгуулах ажил эхэлсэнтэй холбоотойгоор ажлын хэсэг, яамдын албан тушаалтнууд болон байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нартай уулзлаа. УИХ-ын дарга “Суурьшлын бүсийн төлөвлөлтийг эхнээс нь зөв зохион байгуулалттай хийснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хурдыг хоёр дахин нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, замын түгжрэлийг бууруулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдэх боломжтой” гээд Хөшигийн хөндийн нисэх буудлыг дагасан шинэ суурьшлын бүсэд чөлөөт бүс байгуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Улмаар холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг өглөө.
Эдийн засгийн байнгын хорооны дарга тэнд суурьшлын бүс байгуулах ажлын хэсгийг ахалж буй бөгөөд тэрбээр нисэх буудлын ажилтнуудын орон сууц, зочид буудалтай холбоотой асуудлыг эхний ээлжид шийдэх санал хэллээ. Мөн цэвэрлэх байгууламж, усан хангамж, дулааны шугам зэрэг дэд бүтцийн зураг төслийг ойрын хугацаанд гаргах, бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшилд түшиглэн шуурхай, чанартай хийх нь чухал гэв.
Бэлтгэсэн У.Наран