Монгол, Туркийн Засгийн газрын хооронд 2018 онд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээр энэ оны гуравдугаар сараас хүчин төгөлдөр болсон. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын төлөөлөгчид өнгөрсөн баасан гарагт цахим уулзалт хийж, ярилцсан байна. Улмаар хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон техникийн асуудлуудыг шийдвэрлэх, хэрэглэх баримт бичгийн маягт, хамрагдах иргэдийн талаар ярилцаж, үйл ажиллагаагаа уялдуулах талаар тохиролцжээ.
Турк улсад ажиллахдаа албан журмын болон сайн дураар даатгалаа төлж байгаа иргэдэд эл хэлэлцээр үйлчлэх юм. Ингэхдээ тус улсад ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, хоёр улсын аль алинд нь тэтгэвэр тогтоолгох, авах боломж бүрдэнэ. Туркийн Шилжилт хөдөлгөөний газрын гаргасан мэдээллээр 2021 оны эхний байдлаар 1305 монгол иргэн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр оршин суудаг юм байна.