АНУ-ын Конгрессын Сенатын танхим дэд бүтэцдээ 1.2 их наяд доллар зарцуулах төлөвлөгөөг баталлаа. Энэ нь зам, гүүр барих, цахилгаан дамжуулах шугам, усан хангамжийн болон байгалийн гамшгаас хамгаалах систем шинэчлэх зэргээр дэд бүтцээ сайжруулахад чиглэсэн Ерөнхийлөгч Жозеф Байден тэргүүтэй Цагаан ордны анхны санаачилга юм. Таван жилийн хугацаанд төсвийн санхүүжилтийг 550 тэрбум доллароор нэмэхдээ татвар өсгөхгүй байхаар уг төлөвлөгөөнд тусгажээ.
Дэд бүтцийн зардлыг нэмэх нь Ж.Байдены засаг захиргааны тэргүүлэх хоёр зорилтын нэг юм. Эхнийх нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн үед олон шалтгааны улмаас багахаан хэсгийг хэрэгжүүлсэн хөтөлбөрийг өргөжүүлсэн төлөвлөгөө. Гэр бүлийг дэмжих хоёр дахь төлөвлөгөөнд нийгмийн зардлуудыг нэмэхээр тусгасан байна. Энэ хоёрыг өнгөрсөн зургадугаар сард танилцуулсан, 2022 оны санхүүгийн жилийн төсвийн төсөлд тусгажээ. Үүнд 4.17 их наяд долларын орлого олж, зургаан их наяд долларын зарлага гаргахаар тусгасан байна. Алдагдал нь 1.84 их наяд байхаар тусгасан нь энэ оныхоос эрс багасах аж.
Дэд бүтцийн төлөвлөгөөнд багтаагүй арга хэмжээг Ардчилсан намын илүү өргөн хүрээтэй буюу 3.5 их наяд долларын санаачилга руу шилжүүлжээ. Эл санаачилга нь хүүхдийн цэцэрлэгийг үнэ төлбөргүй болгохоос эхлээд өндөр настнуудын эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх хүртэл өргөн цараатай юм. Төлөвлөгөөний энэ хэсгийг батлахын тулд татвар нэмэх шаардлагатай болно. Энэ талаар Ардчилсан намынхан Бүгд найрамдахчуудын дэмжлэгийг авч чадахгүй тул батлуулах онцгой журмыг ашиглахаар төлөвлөжээ. Гэтэл төсвийн зардал нэмэгдэхээр инфляц өсөхийг Төвбанк нь болон олон улсын шинжээчид анхааруулсан байна. Тухайлбал, энэ онд үнэ 3.4 хувиар өсөж, харин ирэх онд уг үзүүлэлт 2.1 хувь болж буурахыг ОУВС-гийн мэргэжилтнүүд таамаглажээ. Харин ДНБ-ий хоёрдугаар улирлын өсөлт нь жилийн дүнгээр 6.5 хувьтай байх нь хүлээлтээс бага гэнэ. Учир нь АНУ-ын Төвбанк болон ОУВС уг үзүүлэлтийг долоон хувьтай байна гэж таамагласан аж.