Хавдар судлалын үндэсний төв нь эмнэлгийн зориулалтаар 36 803 ам метр газрыг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эзэмшдэг. Гэвч иргэд, аж ахуйн нэгжүүд тус төвийн эзэмшил газарт нэвтэрч хашаа, барилга барьж, ХСҮТ-ийн үйл ажиллагаанд хүндрэл, чирэгдэл учруулсаар ирсэн. Ийм олон зөрчлийг арилгахын тулд тус төвийнхөн зохих арга хэмжээнүүдийг сүүлийн жилүүдэд тасралтгүй авч иржээ. УИХ-ын гишүүн асан М.Билэгт дээрх төвтэй хаяа нийлүүлэн хувийн (дөрөвдүгээр эмнэлэг) эмнэлэг бариад зогссонгүй эзэмшил газар луу нь түрэн орсон аж. Тиймээс засах боломжтой зөрчлүүдээ нэн даруй арилгах тухай албан тоотуудыг ХСҮТ-өөс удаа дараа илгээсэн ч хариу арга хэмжээ аваагүй юм байна. Үүний улмаас өнгөрсөн долдугаар сард дээрх төвийнхөн хил хязгаараа зааглан хашаа барьж улсын өмчийг хамгаалсан боловч М.Билэгт төрийн байгууллагын өмчид дур мэдэн халдаж, түүнийг нь эвдэн, буулгажээ. Хууль зөрчсөн энэ үйлдлийг цагдаагийн байгууллагынхан төрийн өмчид халдсанд тооцон, баримтжуулсан юм билээ. Гэсэн хэдий ч одоо хүртэл гэмт үйлдлээ хаацайлсаар байгаа тул ХСҮТ-ийнхөн олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.
Бэлтгэсэн Э.Хана