Сүүлийн 20 жил Ираны шүүх засаглалыг удирдсан Эбрахим Раиси Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Тус улсын Ерөнхийлөгч төр барих бүрэн эрх эдэлдэггүй ч тэрбээр өмнөх удирдагчдаас илүү нөлөө бүхий байх боломжтой. Учир нь түүнийг Ираны шашны дээд удирдагч, аятолла Али Хаменеигийн халааг авна хэмээн үздэг юм. Гэхдээ шинэ албан тушаалд Эбрахим Раиси гадаад, дотоодын олон бэрх асуудал шийдэх хэрэгтэй болно.
Өдгөө 60 настай тэрбээр өнгөрсөн сарын 18-нд болсон сонгуульд 62 хувийн санал авч ялсан бөгөөд өмнөх Ерөнхийлөгч Хасан Роуханигаас ялгаатай нь хуучинсаг үзэлтэн. Түүнийг аятолла Али Хаменеи шинэ албан тушаалд батлах ёслол мягмар гарагт болжээ. Эбрахим Раисийн тангараг өргөх ёслолд Ирантай сүүлийн жилүүдэд харилцаа тааруу байсан Саудын Араб зэрэг 73 орны 100 гаруй зочин оролцов. Тегеранд Европын Холбооны төлөөлөгчид очсоныг Израилын Ерөнхий сайд Нафтали Беннет шүүмжилсэн байна. Тэрбээр Эбрахим Раисийг тухайлбал, 1980-аад оны эцсээр Иран дахь улс төрийн хоригдлуудыг олноор нь цаазалсан хэрэгт холбоотой гэжээ.
Үүний сацуу Ираны байдал амаргүй байгаа. Тегераныг Оманы булан, Арабын тэнгист шатахуун тээгч хөлөг онгоцнуудад халдсан хэрэгт Израил, АНУ, Британи болон бусад улс буруушааж буй. Мөн цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээний хувь заяаны тухай асуудал ч хөндөгдөж байна.