Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн гүйцэтгэлийн явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Ажлын хэсэг нь 2021-2022 онд авлигын төсөөллийн индексийн Монгол Улсын үнэлгээг өсгөх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байгааг энэ үеэр танилцуулсан юм.
Танилцуулгын дараа Ерөнхий сайд Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатарт төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, хууль бус үйлдлийг мэдээлсэн, илчилсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс Шүгэл үлээгчдийг хамгаалах тухай, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, эрэн сурвалжлах, мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг хангасан эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг боловсруулахыг даалгалаа.