Нэгдүгээр сарын 6 –нд Капитолийн ордон руу дайрч эмх замбараагүй байдал болсон үйл явдлын дараа дөрөв дэх цагдаа амиа хорлосон тухай FOX5 мэдээлэв.
Тус сувгийн мэдээлснээр, 26 настай Кайл Дефрейтаг дээрх халдлагын гэрч бөгөөд тухайн үед эмх замбараагүй байдлыг зохицуулахаар Капитолын ордонд ажил үүргээ гүйцэтгэж байсан байна. Тэрбээр Вашингтон хотын цагдаагийн газарт 2016 оноос хойш ажиллаж байжээ. Дефрейтагын ээжийн ярьснаар түүнийг долдугаар сарын 10 -нд нас барсан байдалтай олжээ.
Энэ явдлаас өмнөхөн Капитолийн ордны халдлагын үеэр ажиллаж байсан гурав дахь цагдаа нас барсан тухай мэдээлэл гарсан байна. Гунтер Хашид долдугаар сарын 29-нд мөн л амиа хорлосон байдалтай гэрээсээ олджээ. Хэдий Кайл Дефрейтаг түүнээс өмнө нас барсан ч энэ тухай мэдээлэл наймдугаар сарын 3-нд л хэвлэлээр цацагдаж эхлэв.
Капитолийн ордон руу дайрсан үйл явдлын дараахан буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр цагдаагийн ахлах түрүүч 42 настай Брайн Сикник гэнэт ухаан алдаж унаад эмнэлэгт нас баржээ. Талийгчийн задлан шинжилгээний дүнг дөнгөж дөрөвдүгээр сард мэдээлсэн бөгөөд үхлийн шалтгааны талаарх баримтат мэдээллийг одоо болтол дэлгээгүй байна.
Ердөө хоёр хоногийн дараа цагдаагийн өөр нэг дэслэгч 51 настай Ховард Либенгуд гэнэт амиа хорложээ. Тэрээр удам дамжсан цагдаагийн ажилтан бөгөөд түүний эцэг 1981-1983 онуудад Капитолийн цагдаагийн газарт алба хаан, 1.2 мянга гаруй ажилтныг удирдаж байжээ.
Нэгдүгээр сарын 15-ны өдөр 35 настай цагдаагийн офицер Жеффри Смит машинаараа ажилдаа явж байх замдаа өөрийгөө буудан амиа хорлосон байна. Тэрээр Капитолийн цагдаад 12 жил ажилласан бөгөөд түүний эхнэрийн хэлснээр төлөв төвшин хүн байжээ.
Эдгээр хууль сахиулагчид бүгд Капитолийн цагдаагийн газарт ажиллаж байсан бөгөөд нэгдүгээр сарын 6-ны үйл явдлын үеэр бүгд галын тэргүүн шугамд үүргээ гүйцэтгэж байв. Капитолийн цагдаагийн газар нь Холбооны хууль сахиулах байгууллагын аюулгүй байдлын элит агентлаг нэг юм.
Эргэн сануулахад өнгөрсөн нэгдүгээр сарын 6 -нд АНУ -ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын дэмжигчид сонгуулийн дүнг эсэргүүцэн Капитолийн байр руу дайрсан юм. Үймээний үеэр нэг жагсагч, мөн нэг цагдаа амиа алджээ.