Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин тэргүүтэй удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр О.Амартүвшин төр, хувийн хэвшлийнхэн хамтран ажиллаж, эдийн засгаа богино хугацаанд сэргээх, өсөлт авчрах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.
Хариуд нь У.Хүрэлсүх МҮХАҮТ-ыг дэмжин ажиллахад бэлэн гэдгээ хэлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон улсын болон бүс нутгийн бизнесийн санаачилгад Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх, тус танхимын гадаад харилцаа, олон улсад чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг тодотголоо.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгасан халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих зорилтуудыг хэрэгжүүлэх, бизнесийн салбарт төрөөс учруулдаг хүнд суртал, дарамтыг арилгах, эдийн засгаа богино хугацаанд сэргээн босгохын тулд улстөржилтөөс ангид байх зарчмаар МҮХАҮТ-тай хамтран ажиллахаа илэрхийлэв. Ялангуяа, хувийн хэвшилд тулгардаг дарамт шахалт, бизнесийн үйл ажиллагаан дахь төрөөс хамааралтай гацаа, саадыг арилгах асуудлаар Төрийн тэргүүний хувиар онцгой анхаарал хандуулан ажиллана гэлээ.
Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд эдийн засгийг сэргээхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, уул уурхайн бус экспортыг өсгөх, томоохон төслүүдээ яаралтай урагшлуулах нь хамгаас чухал болоод буйг онцолж, дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд бизнесийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ санхүүгийн зөв механизмыг сонгон авах, төр, хувийн хэвшлийн тэгш оролцоог хангах, улмаар гүйцэтгэлд онцгой анхаарал хандуулж, чадварлаг баг, бүтцийг бүрдүүлэх зэргээр ажиллах саналыг хэлж байв.