УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.20 цагт эхэлж, Эрүүл мэндийн даатгалын сангийн энэ оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.
Байнгын хорооны дарга М.Оюунчимэг төсвийн тодотгол болон цаг үеийн байдалтай холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, чуулганы завсарлагын хугацаанд зайлшгүй ажиллах шаардлага үүсэж буйг хуралдааны эхэнд танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бейсен ажлын хэсэгт орж ажиллах хүсэлт гаргасныг Байнгын хорооны дарга дэмжиж, бүрэлдэхүүнд оруулахаар тогтжээ. Үүний дараа УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, гишүүн С.Ганбаатар нар эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашиг, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх чухал ажлын хэсэг байгуулж буйг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.11, 23.2.12 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.14 дэх хэсэг, 39.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувийн саналаар батлав.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Батлут, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг, Ц.Туваан, Ц.Сандаг-Очир, П.Анужин, Б.Бейсен, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.