Энэ удаагийн парламент хаврын эхний чуулганыхаа ард гарлаа. Үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулиар намын даргынхаа кампанит ажилд дайчлагдан, танхимд хуралдах бус, тойргоо тойлж, хэссэн тул үндсэн ажлынх нь төлөвлөгөөний биелэлт тун тааруу гарах нь ээ.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад 50 хууль, тогтоолын төсөл бий. Тэдгээрийн эхэнд Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байлаа. Үүнийг батлах нь битгий хэл, төслийг нь УИХ-д ч оруулж ирсэнгүй. Угтаа сонгууль болдгоороо болж, Ерөнхийлөгчөө шинээр сонгох нь маргаангүй тул Төрийн тэргүүний ажиллах хууль, эрх зүйн орчныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэх ёстой байв. Тиймээс ч хэлэлцэх асуудлуудын эхэнд төслийг нь эрэмбэлсэн. Гэтэл эрх баригчид эл төслийн талаар дурсах ч үгүй суусаар чуулганыг дуусгалаа. Үүнд онцгой шалтгаан байхыг үгүйсгэхгүй.
Учир нь 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ хуульд заасан хүрээнд олгож болохоор тусгасан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгоогүй олон эрхийг бусад хуулиар эдэлж байгаа нь гажуудал үүсгэх шалтгаан гэж үзэж буй тул тэдгээрийг нь хязгаарлахаар байгаа юм. Нэгэнт намынх нь хүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул бүрэн эрхийг нь олон талаар хязгаарлах хуулийг эрх баригчид юу юугүй батлах гэж яарахгүй биз. Ер нь хэн сонгогдохыг нь харж байгаад Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэрхэн батлахаа шийдэхээр үгссэн байхыг ч үгүйсгэхгүй.
Үүний дараа хэлэлцэхээр төлөвлөсөн асуудал нь УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төсөл. Эл төслийг УИХ-д дөнгөж өргөн бариад буй ч чуулганыг хаахаас урьтаж батлах бололтой. Мөн л Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламентын гишүүд төсвийн болон томилгооны эрхээсээ татгалзаж, хууль тогтоох, хэрэгжилтийг нь хянан шалгах үндсэн чиг үүрэг нь өргөжсөн учраас энэ удаа УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг батлах гэж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон. Ингэхдээ шүүх засаглал, эрүүдэн шүүх, тэр тусмаа ял эдэлж байгаа иргэн Т.Чимгээд холбогдох хэрэг гэх мэт тодорхой асуудлыг цохон тэмдэглэж, буруу бүхнийг хазаарлан зогсоох парламентын хяналтыг хүчтэй болгох зорилготойгоор эл хуулийг батлах зайлшгүй шаардлага үүссэнийг тайлбарласан билээ. Гэвч энэ нь гүйцэтгэх засаглалынханд хуулиар олгосон хяналт, шалгалтын чиг үүргийг нь хууль тогтоогчид булааж, үйл ажиллагаанд нь хэт хутгалдах вий гэсэн болгоомжлол төрүүлж байгаа нь нууц биш.
Харин Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэхдээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болгон батлав. 30 шахам жилийн өмнө баталсан эл хуулийг шинэчлэх нь бас л Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийж буй ажил. Юутай ч үүнийг “малгай” болгон барьж ажиллах нийслэлийн удирдлага нэлээд сэтгэл өндөр байгаа бөгөөд эдийн засаг, нийгэм, улс төрийн олон эрх, боломж өөрсдөд нь ирж, бие даан ажиллах орчин бүрдэнэ хэмээн найдаж суугаа бололтой. Гэвч үүнтэй хамт хэлэлцэх учиртай Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл алга. Үүнээс гадна Нийтийн мэдээллийн, Хүний хувийн мэдээлэл хамгаалах болон Цахим гарын үсгийн тухай хуулийг хожуу ч гэлээ хэлэлцэн баталсан нь олзуурхууштай.
Түүнчлэн бүх шатны боловсролын асуудлыг багтаасан Боловсролын багц хуулийн төслийг чуулган хааж байхад дөнгөж хэлэлцүүлж эхлэв. Гэтэл Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлагчид нь буюу Засгийн газарт буцаачихлаа. Тэгсэн атлаа зэрэгцүүлэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж буй. Тэр нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилон, чөлөөлж байгааг болиулах агуулгатай.
Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй Таримал ургамлын үр, сортын тухай гэхчлэн зарим хуулийг баталсан байх жишээтэй. Уг нь хэрэгцээ, шаардлагаа харвал хоног алдалгүй батлах ёстой зүйлсийн нэг нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ парламентын удирдлагад өнгөрсөн өвөл өргөн барьснаас хойш таг чиг. Өргөн барьсан дарга нь ч, өргөжиж тэлсэн байнгын хороо нь ч “үхсэн”, амьд нь мэдэгдэхгүй шахам, ажиллаж байгаа гэхэд эргэлзэхээр буй. Хариуцлага, ёс зүй алдсан гишүүдэд хатуу чанга хариуцлага тооцохоор тусгасан дүрмийг баталлаа гээд бүх зүйл сайхан болно гэж найдаагүй ч ядаж л төлөвлөсний дагуу хэлэлцэх хэрэгтэй. “Айхгүй ч гэсэн аягүй” гэдэг дээ. Энэ хооронд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар автомашин жолоодож, осол гаргав. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар эмэгтэйчүүдийн эрхэд халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээлэл, баримт хэдийн ил боллоо. Гишүүн Б.Пүрэвдорж, Г.Дамдинням нар хуралдааны танхимд хараалын үгс шидэлцэж, барилцаж авахаас наагуур аашлахыг бүгд харсан. Соёлт хүн, түмнийг төлөөлсөн хууль тогтоогч гэж хэлэхэд ч ичмээр үйлдэл гаргасан Г.Дамдинням УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог даргалдаг. Бас нэг байнгын хороог удирддаг нөхрийн удаа дараагийн хүчирхийлэл ил болов. Гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас шалгав. Энэ хүн гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүд гээд нийгмийн бодлогын бүхий л асуудлыг хариуцсан байнгын хорооны дарга төдийгүй Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүн юм билээ. Эрүүл, солиотой нь мэдэгдэхгүй ийм л хүмүүс Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага, түмний төлөөлөл болон сонгогдсон хүмүүсийг муухай харагдуулаад байхад ядаж ёс зүйн дүрмийг нь шинэчилье гэх сэтгэл, зүтгэл гаргах хүн лав л энэ чуулганы хугацаанд тодорсонгүй. Ерөнхийдөө хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд албан ёсоор багтсан төслүүдээс баталж, эцэслэснийг нь нягталбал иймэрхүү л дүр зураг гарах нь.
Мэдээж тэд дэмий суусан гэж хэлэхгүй, ийм, тийм хууль, тогтоол баталсан гэж баахан тайлагнах байх. Үнэндээ УИХ төсвийг тодотгох, нөхөн сонгууль зарлах, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль хийх, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт хэлэлцэх гэх мэт цаг үеийн, магадгүй заримыг нь парламентын түвшинд ярих ёстой юу гэдгийг нь ч бодож үзмээр асуудлуудад хамаг цагаа зарцуулжээ. Харамсалтай нь, эдгээр нь эрх баригчид цар тахлын үед удирдлага, зохион байгуулалтын буруу ар-га хэмжээ авсны улмаас эдийн засаг, нийгэм, хүн ардын амьдрал улам хүндэрч буй нөхцөлд сонгуулиар “шоудаж”, ямар ч хамаагүй аргаар ялах, сонгогчдын санал авах гэсэн ажиллагааны үр дүнд үүсэж буй асуудал юм.
“Ах” намын төрсөн өдөр, Ардын хувьсгалын 100 жилийн ойг ч сонгуулиар зөндөө ашигласан. Түүхт ойг тохиолдуулан тэмдэг, медаль үйлдвэрлээд зогсохгүй Өршөөл үзүүлэх тухай хуулийг хаалттай хэлэлцэн баталсан. Цэцийн дүгнэлтийг цөөнгүй хэлэлцсэн нь ч хууль тогтоогчдын ажилд нэг талаар дүн тавьж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, өөлөх зүйл ихтэй хууль баталсан учраас тэр нь Үндсэн хуулийн цэцэд очиж, бүдрээд байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг УИХ хүлээж авав. Улмаар эл хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тэр нь өнгөрсөн хаврын гол дуулиан болох Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхтэй, эсэх, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо нартай холбоотой гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, иргэний мэдээллийн дагуу маргаан үүсгэх, эсэх талаар Цэцийн гишүүн гомдол гаргах эрхгүй болж байна. Уг нь хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад үүнээс тэс өөр агуулга бүхий өөрчлөлт тусгасан, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл байсан ч үүнийг биш, тэс өөр зүйлийг Цэцийн дүгнэлтийн “тусламж”-тайгаар хэлэлцсэн нь энэ.