ХҮН-ын дэргэдэх Бодлого судалгааны хүрээлэнгийн судлаачид зөвлөмж боловсруулж, Засгийн газар болон Улсын онцгой комисст хүргүүллээ. Дэлхий даяар тархсан цар тахалтай зохицон амьдрах шинэ нөхцөл байдал үүссэн энэ үед Засгийн газар болон УОК ажлын арга барил, хандлага зэргийг өөрчлөх шаардлагатай хэмээн тэд үзжээ. Энэ талаар ХҮН-ын дарга Т.Доржханд "Эдийн засгийг дэмжих зорилгоор Засгийн газраас 10 их наяд төгрөгийн санхүүжилттэй зээл олгож буй. Одоогоор эл зээлийн гүйцэтгэл 20-30 хувьтай үргэлжилж байна. Эл зээл олголтыг цаашид эрчимжүүлж, иргэдэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Мөн Засгийн газраас вакцинжуулалтын үр нөлөөний судалгааг хийж, гуравдугаар тунгаар дархлаажуулах ажлыг яаралтай судлах хэрэгтэй байна. Үүнээс гадна шинжилгээ авах цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдэд чирэгдэл учруулахгүй байх тал дээр анхаарах нь зүйтэй. Цаашид гэрээр эмчилгээ хийлгэж буй иргэдэд туслалцаа үзүүлэх цахим системийг хөгжүүлэх шаардлага тулгарлаа. Эдгээрээс гадна маш олон зохицуулалт хийх шаардлага бүхий зөвлөмжийг боловсруулж Засгийн газарт хүргүүллээ" хэмээв.