УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж, "Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацааг сунгах, эсэх талаар хэлэлцэв. Цар тахлын хуулийн үйлчлэл өнөөдөр дуусгавар болж байгаа юм. Иймээс тус хуулийн үйлчлэлийг он дуустал сунгах хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн аж. УИХ-ын зарим гишүүн эл хуультай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалтыг эхлүүлэв. Цар тахлын хуулийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгах, эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх буюу 73 хувь нь дэмжлээ.