УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19,20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан Үндэсний их баяр наадмын үеэр хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл үүсэж байгааг анхааруулж, шаардлагатай тохиолдолд наадмыг цуцлах хэрэгтэй гэв. Тэрбээр "Энэ жил Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй, цахимаар зохион байгуулахаар болсон. Гэвч морины уралдаанаас үүдэн бөөгнөрөл үүсэж, хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл үүсээд байна. Үүнийг олон нийт ч эсэргүүцээд буй. Тиймээс бид эрсдэлтэй нөхцөл байдал үүснэ хэмээн үзэж, морины уралдааныг хойшлуулах, эсвэл албан ёсоор цуцлах санал гаргаж байна" гэсэн юм.
Цар тахлын үед баяр наадмыг тэмдэглэхээр болсон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулж буй. Тодруулбал, наадам хийх мөнгийг халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад болон коронавирустэй тэмцэхэд зарцуулах шаардлагатай хэмээн хүмүүс үзэж буй. Үүнийг нь ч Хүний эрхийн үндэсний комиссынхон дэмжиж байгаагаа илэрхийлэв. Харамсалтай нь, УИХ-ын зарим гишүүд үүнтэй санал нийлэх нь битгий хэл, хурдан морины уралдааныг зохион байгуулахад гар бие оролцоно гэдгээ илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Ганибал баяр наадмын хамгийн их маргаан дагуулдаг хурдан морьдыг ялгах ажилд гар бие оролцохоо мэдэгдсэн. Тэрбээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунд хандан "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны тав дугаар тогтоолоор “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталсан боловч тус журмын хэрэгжилт жилийн жилд хангалтгүй байсаар ирсэн билээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.11-д заасны дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг” байгуулан, тус ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллах саналтай байгаагаа үүгээр илэрхийлж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Туваан нарыг оруулах саналтай байгааг харгалзан үзэж холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв. УИХ-ын гишүүд морьдын үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажилд нэгдэхээ ийнхүү мэдээлэв. Иргэд нь цар тахлыг хамтдаа дарах хэрэгтэй хэмээн дуу хоолойгоо хүргэж байхад тэд наадам тэмдэглэж, эрүүл мэндийн салбарынхныг элгээр нь мөлхүүлэхэд хүч нэмж байна гэхэд хилсдэхгүй.