Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид МҮОНРТ-ээс зохион байгуулдаг халз мэтгэлцээнд оролцдог уламжлалтай. Өнөө жил тус телевизийнхэн нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний бэлтгэл ажилд 60 орчим сая төгрөгийг төсөвлөж, студийг тохижуулсан гэнэ. Мөн Эрүүл мэндийн яамтай хамтран мэтгэлцээнийг шууд дамжуулах үүрэг бүхий 160 гаруй ажилчныг шинжилгээнд хамруулж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталсан талаар МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар мэдээлэв. Тэрбээр "Бид энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний бэлтгэл ажлыг шат дараатайгаар зохион байгуулж ирлээ. Харамсалтай нь, энэ сарын 5-нд Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, Улсын II төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон. Иймээс манай телевизийн зүгээс нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг
-Гурван нэр дэвшигчийн халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахиулан МҮОНРТ-ийн "600" студид зохион байгуулах,
-Эсвэл гурван нэр дэвшигчийг Улсын II төв эмнэлэгт байлцуулан, зөөврийн студид мэтгэлцээнийг шууд дамжуулах,
-Мөн нэр дэвшигч Д.Энхбатыг II эмнэлэгт тусгаарласан хэвээр нь зөөврийн студид дамжуулан, бусад хоёр нэр дэвшигчийг "600" студид байлцуулан мэтгэлцүүлэх гурван төрлийн санал гаргаж, Улсын II төв эмнэлгийн удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн.
Гэвч тус эмнэлгийн удирдлагууд тахлын голомт хэмээн нэрлэгдээд буй улаан бүс рүү хүн оруулахгүй, мөн гаргахгүй гэх хариу өглөө. Үүнээс гадна нэр дэвшигчдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй Төрийн тусгай хамгаалалтынхан ч мөн адил татгалзсан хариу өгсөн. Ингэснээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг цуцаллаа" гэв.
Ташрамд дурдахад, нэр дэвшиж буй гишүүд бүгд эл мэтгэлцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Мөн олон нийтийн дунд мэтгэлцээнийг цахимаар зохион байгуулах боломжтой гэх найдвар төрөөд байсан. Харин А.Бүрэнбаатар энэ талаар "Мэтгэлцээний гол зорилго нь нүүр нүүрээ харж, бодитой асуудал дэвшүүлэхэд оршдог. Үүнийг цахимаар зохион байгуулах нь итгэл үнэмшил муу, чанаргүй болох эрсдэлтэй. Мөн олон улсад ийм төрлийн мэтгэлцээнийг нэг л удаа цахимаар зохион байгуулсан байдаг. Харамсалтай нь, тэрхүү мэтгэлцээн нь луйврынх болж хувирсан удаатай. Харин өнгөрсөн оны АНУ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн нэг нь коронавирусийн халдвар авахад мэтгэлцээнийг цуцалж байсан" хэмээв.