Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар дүүрэг, “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөлтэй танилцлаа. Тэрээр Сэлбэ голын дагуу тавьсан 6.6 км авто зам, 60 метр гүүр, үерийн далангаас гадна тоглоомын талбай, ногоон байгууламж, Сэлбийн хурдны зам, дулааны станц, “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төсөл зэргийн ажлын явцтай танилцав.
“Сэлбэ” дэд төв нь Сүхбаатар дүүргийн 13,14, Чингэлтэй 14,18 дугаар хорооны 156 га талбайд хамаардаг. 3.000 орчим өрхийн 11 мянга орчим хүн оршин суух боломжтой аж. 2040 он гэхэд өрхийн тоо 6.520, хүн амынх нь 23 мянга хүрэх төлөвтэй байгаа гэнэ. Одоогоор Сэлбэ гол дагуу 6.6 км авто болон явган хүний зам, гэрэлтүүлэг, төмөр бетон гүүр, автобусны зогсоолыг ашиглалтад оруулаад байгаа хэмээн холбогдох албаныхан мэдээлэв.
.Цаашид Сэлбэ голын дагуух тохижилтын ажилд шаардагдах тодорхой хэмжээний хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Бэлх, Сэлхийн үерийн хамгаалалтын далан барих 16 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв. Мөн дэд төвүүдэд хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийх хувийн хэвшилд онцгой дэмжлэг үзүүлэх талаар мэдээлэв. Ойрын хугацаанд хувийн хэвшлийнхэнтэй уулзаж энэ талаар ярилцана гэлээ.