Хотын хөгжлийн төлөө УИХ гишүүд нэгдэж, Түр хороо байгуулахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон гишүүд нийслэлийн Засаг даргатай уулзсан юм. Энэ үеэр 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөр болон эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж буйтай холбогдуулан нийслэлийн төсөв, санхүүд тулгарсан асуудлын талаар гишүүдэд танилцуулсан юм байна. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах санал гаргаж, 22 гишүүн дэмжжээ.
Тэгвэл өнөөдөр нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барихад бэлэн болсон бөгөөд төрийн бодлогын түвшинд дэмжлэг үзүүлж, хотын иргэдийнхээ эрүүл, аюулгүй, тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд ахиц гаргалаа хэмээн Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэв.