Сонгуулийн санал тоолох машины программыг шинэчилж, МАН-ынхан төрийн эрхийг хууль бусаар авсан хэмээн иргэн Г.Ган-Очир мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Би 2017 оноос Боловсрол, шинжлэх ухааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Үүнээс гадна өмнөх хэд хэдэн сонгуулийн үеэр сурталчилгааны ажил хийдэг байв. Тухайн үед сонгууль болон санал хураалтын машинтай холбоотой олон хүнтэй уулзаж, тэдний хуйвалдааныг мэддэг болсон. Би өнгөрсөн хугацаанд буюу 2020 оноос тагнуулын болон цагдаагийн байгууллагад "Төрийн эрхийг хууль бусаар авахад оролцсон" хэмээх гэмт хэрэгт буруутгагдан, шалгагдаж байсан. Эл гэмт хэрэгтэй холбогдуулан МАН-ын удирдлагууд, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, сонгуулийн дүн тоолох хар машины сүлжээний инженерүүдийг мөн шалгасан. Гэвч тухайн хэрэгт хохирогч байхгүй хэмээн нийслэлийн Прокурорын газраас хаасан байна лээ. Уг нь эл хэргийн хохирогч нь 2020 оны орон нутгийн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчид болон нийт ард иргэд юм. Манай улс 2012 онд сонгуулийн санал хураалтыг тоолох машиныг Канадаас худалдан авсан бөгөөд тухайн үед лиценз нь зургаан жилийн хугацаатай байсан. Харин 2018 оноос үндсэн программыг нь ашиглах боломжгүй болсон учраас Сонгуулийн ерөнхий хорооныхон Мөнхбат болон Мөөгий гэх инженерээр санал тоолох машины шинэ программыг бичүүлсэн. Эл программ нь хүссэн нэр дэвшигчээ ялуулах боломжтой, алдаатай ажил хэрэг болсон юм. Тухайн хоёр инженер МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн шууд удирдлага дор ажилладаг. Хэрэв сонгуульд ялахыг хүсвэл Д.Амарбаясгаланд мөнгө өгөх шаардлагатай гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд хоёр инженерт 175 тэрбум төгрөг өгсөн болохыг нийслэлийн МАН-ын дэд даргаар ажиллаж байсан Н.Алтаншагай баталж байсан. Мөн энэ хэрэгтэй нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа нар холбоотой. Өнгөрсөн хугацаанд Д.Сумъяабазар надад 200 сая төгрөг өгөхийг амлаж, Амарбаясгалангын эсрэг ажил өрнүүлэхийг санал болгож байсан. Би иргэн хүнийхээ хувьд сонгуулийг шударга болоосой гэсэндээ энэ хэргийг нотлох баримтын хамт дэлгэж байна" гэв.