Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, гаргасан шийдвэрийн талаар хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Одоогоор агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, хүн амын төвлөрлийг багасгах, орон сууцжуулах зэрэг олон төсөл, хөтөлбөр, ажлыг хэрэгжүүлэх, гүйцэтгэх хөрөнгө мөнгө хотын төсөвт алга. 2000 оноос хойших хотын өр, төлбөр, зээл 1.5 их наяд төгрөгт хүрээд байна. Хотын орлогын 66 хувийг хүн амын орлогын албан татвар бүрдүүлдэг байсан юм. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эл орлого багасаж, хотын захиргааныхан санхүүгийн хүндрэлд орсон. Тиймээс Засгийн газраас эл асуудлыг анхаарч нөөцөөсөө хөрөнгө гаргах чиглэл өглөө. Мөн олон улсын тусламж, хөрөнгө оруулалтын асуудалд түлхүү анхаарахаар болсон. Бид энэ онд багтаан түгжрэлийг бууруулах бодитой ажил хийж чадахгүй. Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын төлөвлөгөөг гаргалаа гээд маргааш нь хийнэ гэсэн үг биш. Шат дараатайгаар хэрэгжүүлнэ" гэв.